Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхлэх юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллах алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Тэрбээр Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10,665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1,228 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн. Тэдгээр гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байгааг онцолсон байна.
“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаас бүрдэх бөгөөд сургууль болон түүний ойр орчмын эрсдэлтэй цэгүүдэд үнэлгээ хийх, илэрсэн эрсдэлийг арилгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл зэрэг эрсдэлийн талаар мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэн хамгаалах арга хэмжээ авах юм.
Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурагчдад зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, “School police” эргүүлд оролцож буй эцэг, эх, асран хамгаалагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулж, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чухал холбоос болох юм.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!