Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гурван үндсэн асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэд сайд Б.Мөнхтамир мэдээлэл өглөө. 

Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна.2026 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны нөөц дараах түвшинд байна. Үүнд: 

АИ-92 автобензин: 22 мянган тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй; 

АИ-95 автобензин: 2,079 тонн буюу 17 хоногийн нөөцтэй; 

Дизель түлш: 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй; 

Онгоцны түлш: 7,081 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна. 

Импортлогч орнуудаас нийлүүлж буй АИ-92 автобензиний үнэ 550 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд үнийг үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг шалгах үүргийг 10 хоногийн өмнө болсон Шуурхай штабын хурлаар Монополын эсрэг газарт өгсөн байна. Шатахууны хангамжтай холбоотой зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт явуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 786 дуудлага, мэдээлэл ирснээс давхардсан тоогоор 72 дуудлага бүртгэгдэж, 159 үйлдлийг урьдчилан сэргийлж, таслан зогсоосон байна. Холбогдох зөрчил бүрд Цагдаагийн ерөнхий газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Ялангуяа газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан худалдаалж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцон ажиллаж байгааг дэд сайд мэдээллээ. 

Иргэд аль шатахуун түгээх станцад (ШТС) шатахуун байгаа нь тодорхойгүй, мэдээлэл хүртээмжгүй байгаад бухимдалтай байгааг харгалзан шатахууны үлдэгдэл, борлуулалтын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх арга хэмжээ авчээ. Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын дотоод удирдлагын системийг залуусын хөгжүүлсэн “benzin.mn” платформтой холбож, өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Эхний шатанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ыг системд холбожээ. Ингэснээр иргэд веб сайт болон аппликэйшнээр дамжуулан тухайн ШТС-д АИ-92, АИ-95, АИ-98 автобензин болон дизель түлш борлуулж байгаа эсэхийг газрын зураг дээрээс харах боломжтой болсон гэв. 

 Системд аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөний нууцыг хамгаалах үүднээс шатахууны бодит нөөцийн хэмжээг харуулахгүй бөгөөд тухайн төрлийн шатахуун борлуулагдаж байгаа эсэхийг ногоон гэрлээр ялган харуулах юм. Мөн уг системийг Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн төв сервертэй холбосноор иргэд тухайн ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал үүссэн эсэхийг шалгах боломж бүрджээ. Одоогоор аж ахуйн нэгжүүд шатахууны орлого, зарлагын мэдээллээ системд өөрсдөө оруулж байгаа аж. Харин ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд шатахуун хадгалах савнуудын мэдрэгчийг системтэй шууд холбохоор ажиллаж байна. Ингэснээр ШТС шатахуун хүлээн авмагц мэдээлэл автоматаар шинэчлэгдэх нөхцөл бүрдэх юм. 

 Системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 750 орчим ажилтныг сургалтад хамруулсан байна. Ийнхүү шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн үндэслэлгүй өсөлт болон дамлан худалдаалах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд шатахууны хүртээмжтэй холбоотой мэдээллийг нээлттэй хүргэх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Хойд, урд хөрш болон гуравдагч орнуудаас нийт 78 мянган тонн шатахуун нийлүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 38 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ. Үлдсэн нийлүүлэлт замд тээвэрлэгдэж байгаа аж. 

Мөн дотоодын шатахууны хэрэглээ ердийн үеийн хэвийн түвшинд байна гэдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн БНХАУ, БНСУ зэрэг гуравдагч орноос АИ-92 автобензин нэмж импортлох хэлцэл хийж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.