Засгийн газраас дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2026.06.19/ Дорноговь аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, ХББОСЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Зөвлөх М.Одгэрэл, ББМБЗГ-ын хэлтсийн дарга Д.Батзориг, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбаатар нарын албаныхан багтсан бөгөөд эхний өдөр тус аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "МАК ЦЕМЕНТ" ХХК-ийн үйлдвэрт ажиллав. "МАК ЦЕМЕНТ" ХХК нь 2017 онд ашиглалтад орсон.

Тус үйлдвэр нь 1000 орчим ажилтантай бөгөөд жилд нэг сая тонн цемент, нэг сая тонн чулуунцар, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Эрчим хүч, төмөр зам, тээврийн зардлын өсөлтөөс үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Түүнчлэн импортын цементтэй өрсөлдөх нөхцөлд зах зээлийн тогтвортой байдал шаардлагатай гэдгийг компанийн удирдлагууд онцолж байна.

Түүгээр ч зогсохгүй экспортын ложистик, тээврийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, уул уурхай, аж үйлдвэрийн төслүүдэд дотоодын цементийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд уламжиллаа.  Харин ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжих эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа гэдгийг тодотголоо.

Мөн барилгын материал, бүтээгдэхүүний цахим бүртгэл, тохирлын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, чанартай үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууц, дэд бүтэц, хот байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа.