Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 529 дүгээр захирамжаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, Ж.Алдаржавхлан, О.Алтангэрэл, Ч.Анар, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Галбадрах, А.Ганбаатар, Г.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Жаргалан, Б.Заяабал, С.Зулпхар, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Пунсалмаа, Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Х.Энхнасан, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан гэдгийг тэрбээр онцлов.
Мөн ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслийн талаар гаргасан нийт 81 зарчмын зөрүүтэй санал, найруулгын нэг саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураах үед 71 зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Ц.Баатархүү, Б.Уянга, М.Бадамсүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд төрийн болон орон нутгийн өмчит компаниудад мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийдгийг иргэд, олон нийт шүүмжилж байгааг дурдаад компаниудын засаглалыг сайжруулахад төсөлд холбогдох зохицуулалтыг хэрхэн тусгасныг, мөн үйл ажиллагааны тухайд төлөвлөгөөт шалгалт, аудит орж буй эсэх талаар илүүтэй тодруулсан.
Хуулийн төсөлд төрийн өмчит компанийн удирдлага зохион байгуулалт, засаглалын талаар нэлээн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, компанид тавигддаг засаглалын нийтлэг шаардлагуудыг төрийн өмчит компаниудад хуульчлахаар оруулсан хэмээн ажлын хэсгээс хариулав. Мөн улс төрөөс хараат бус байх шаардлагыг нэн тэргүүнд тавин гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд дэлгэрэнгүй тусгасан гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Засгийн хуралдааны шийдвэрээр гарсан төрийн өмчит компаниудад аудит хийж, бүх мэдээллийг Шилэн дансанд болон ил тод байдлын тайлангуудад оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Мөн гишүүд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авалтыг ямар зохицуулалтаар ил тод болгож буй талаар болон худалдан авалтын гэрээг нууцалдаг байдлыг зогсоох эсэх, Төрийн хэмнэлтийн хуулиар орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулахыг хязгаарласан ч энэ тоо 275-д хүрсэн шалтгааныг лавласан.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төрийн өмчийн компаниудын ил тод байдлын асуудлуудыг бүхий л түвшинд ярьж байгаа бөгөөд компанийн тайлан, мэдээлэл нууцад хамааруулснаас бусад мэдээллийг төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлийн бүхий л байгууллагуудад хүртээмжтэй, ил тод байх ёстой гэсэн зарчмын агуулгуудыг төсөлд бүрэн тусгасан гэж хариулж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ хуулийн төслийг батлан гаргах зайлшгүй шаардлагын тухайд төрийн өмчийн компаниудад шинэчлэл хийе гэхээр улс төрөө дийлэхгүй, тэдгээрийн захирлууд, бүтээмжийн менежерүүд бүгдээрээ ардаа хамгаалалттай учраас зовлон болж байна гэв. Иймд энэ хуулийн төслийг баталж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэж байлаа.
Түүнчлэн хууль батлагдвал Төлөөлөн удирдах зөвлөл хараат бус болно. Төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулахын тулд мэргэжлийн удирдлагаар хангахгүй бол нэг улстөрчийн хүнийг нөгөөгөөр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Мөн хууль батлагдсанаар орон нутгийн өмчит компани байгуулах асуудал багасна хэмээн Ерөнхий сайд хариулж байлаа.
Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 83 саналын санал хураалтыг 16 цагт явуулахаар болов.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!