Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Баянхонгор аймагт үргэлжилж байна. 

Энэ удаад Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллаж, орон нутгийн намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэд байгалийн баялгийн зохистой ашиглалт, уул уурхайн үр өгөөжийг орон нутгийн иргэд бодитоор хүртдэг байх, баялгийг зөвхөн олборлох бус, шаардлагатай үедээ үр ашигтай ашиглах, нөөцлөх бодлогын талаар санал бодлоо илэрхийлэв.

Мөн иргэдийн хамгийн их сонирхон асуусан асуудлын нэг нь Шинэжинст сумыг аймаг, бүс, улсын чанартай авто замын сүлжээтэй холбох бүтээн байгуулалтын талаар байлаа. Тодруулбал, Баянхонгор–Говь-Алтай чиглэлийн авто замаас Шинэжинст сум хүртэлх 204 км авто замын ажлын эхлэл улсын төсвийн хөрөнгө оруулалтад туссан нь тус сумыг аймгийн төв болон улсын авто замын сүлжээнд ойртуулах чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Шинэжинст сум, Хотгорын уурхай орчмын чиглэлийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын нүүрс тээврийн замтай холбож, цаашлаад Шивээхүрэн боомтын экспортын чиглэлтэй уялдуулах боломжийн талаар иргэд санал бодлоо хуваалцлаа.

Ажлын хэсгийн гишүүд иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, байгалийн баялгийн үр өгөөжийг орон нутагт бодитоор хүртээх, авто зам, дэд бүтцийн асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.