Хүний сэтгэлд заримдаа хэн ч анзаардаггүй, чимээгүйхэн урсах гунигийн гол байдаг. Тэр голын эрэг дээр ганцаарзогсох мөч хүн бүрт тохионо.
Өнгөрсөн дурсамж, хэлж амжаагүй үг, хорогдсон сэтгэл, алдсан зүйлс сэтгэлд хүнд чулуу мэт үлдэж, урагш алхахад бэрх болгох үе бий. Гэвч гуниг бол төгсгөл биш. Тэр бол бидний доторх өөрчлөлтийг илтгэх дохио юм. Заримдаа гуниг амсхийх орон зай болно. 

Харин тэр гунигийн гол дээгүүр нэг нэгээр нь өрсөн нэгэн гүүр оршин байдаг нь итгэл, хайр, ойлголцол, жижигхэн баяр баясгалан билээ. Заримдаа хэн нэгний халуун дулаан үг тэрхүү гүүрний эхлэл болдог. “Чамайг ойлгож байна” гэсэн энгийн өгүүлбэр, “Би чиний хажууд байна” гэсэн мэдрэмж хүртэл сэтгэлийн харанхуйг гэрэлтүүлж чадна.
Мөн өөртөө өгсөн уучлал, өнгөрснийг хүлээн зөвшөөрөх ухаан ч гунигийг нимгэлдэг. Амьдрал үргэлж нарлаг байдаггүй. Бороо орсны дараа газар сэргэдэг шиг, гунигтай өдрүүдийн дараа хүн илүү ухаалаг, илүү тэсвэртэйгээр оршино. Амьдралд солонго татах тэр үзэсгэлэнтэй мөч.
Бид гунигаа заавал устгах гэж хичээж, мартах гэж маргах биш харин түүнийг даван гарах гүүрээ өөрсдөө барих хэрэгтэй.
Тэр гүүрний мод бүр нь бидний итгэл, дурсамж, хайр, мөрөөдлөөр бүтдэг. Нэг өдөр эргээд харахад, биднийг зовоож байсан гуниг аль хэдийн ард үлдэж, илүү хүчтэй илүү энэрэнгүй болсон байдаг. Гунигийг минь үргээх гүүр гэдэг холын газар биш. Тэр бол бидний дотор оршин байдаг маргаашийг хүлээх итгэл, өнөөдрийг талархан харах сэтгэл, амьдрах хүсэл юм.