Хот суурин газарт амьдарч, өдөр тутамдаа удаан хугацаагаар суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн хөдөлгөөний идэвх буурч, буруу хооллолтоос үүдэлтэй жингийн өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор хүмүүс илүү тэнцвэртэй хооллох, шим тэжээлтэй хүнс сонгох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд анхаарах болсон. Орчин үеийн завгүй амьдралын хэмнэлд тохирсон зөв хооллолт нь зөвхөн биеийн жинг хянах төдийгүй урт хугацааны эрүүл мэндийг дэмжих чухал хүчин зүйл болж байна.
Гэвч зөв хооллолт гэж яг юуг хэлдэг вэ? Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг огцом дэглэм барих нь хүний бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ? Мөн хоол зүйч мэргэжлийн онцлог, шим тэжээлийн зөв хэрэглээний талаар Хүнс судлалын магистр, хоол зүйч, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Д.Сайнцэцэгтэй ярилцлаа.
Д.Сайнцэцэг нь Япон улсад хоол зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн бөгөөд тус улсын мэргэшсэн хоол зүйч юм. Тэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ сувиллын тасагт хоол үйлдвэрлэлийн хоол зүйчээр ажиллаж байсан.
Мөн ШУТИС-ийн Хүнс үйлдвэрлэлийн технологийн сургуульд спортын хоол зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Токио 2020, Парис 2024 зуны олимпын наадамд Монголын үндэсний шигшээ багийн дэмжих багийн хоол зүйчээр ажиллаж, волейбол болон сагсан бөмбөгийн баг тамирчидтай хамтран ажилласан туршлагатай.
- Яагаад хоол зүйч мэргэжлийг сонгох болсон бэ?
Би өөрөө тамирчин байсан. Мөн миний ээж хүнсний инженер, технологич мэргэжилтэй бөгөөд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан хүн. Ээж маань багаас минь “ийм хоол идэх хэрэгтэй”, “энэ хүнс хүний биед хэрэгтэй” гэх мэтээр хоол хүнсний талаар их зөвлөж, зааж хэлдэг байсан. Тэр үеэс л хүний биед яагаад хоол хэрэгтэй байдаг вэ, шим тэжээлтэй хоол хүнс яагаад чухал вэ гэдэг талаар их боддог болсон.
Би эмч болон хоол хүнсний шинжлэх ухааны завсрын чиглэлтэй мэргэжил хайж байсан. Хоол хүний биед яг хэрхэн нөлөөлдөг талаар судлах сонирхолтой байсан учраас энэ чиглэлийг сонгосон.
Японы мэргэжилтнүүд Монголд ирж ажиллаж байх үед хоол зүйч гэдэг мэргэжлийн талаар анх сонсож, энэ нь миний сонирхож байсан зүйлтэй яг тохирч байгааг ойлгосон. Тиймээс өөрийн хүсэл сонирхлоор энэ мэргэжлээр суралцахаар шийдэж, Япон улсыг зорьсон.
Дараа нь ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2023 оноос эхлэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимд багшилж байна
- Сүүлийн үед хүн бүр эрүүл, зөв хооллолтын талаар эрэлттэй сонирхож бие махбод болон гадаад үзэмждээ анхаарах болсон. Эрүүл, зөв хооллолт гэж яг юуг хэлэх вэ?
Сүүлийн үед хүмүүс эрүүл, зөв хооллолтын талаар их ярьдаг болсон нь сайн хэрэг. Гэхдээ эрүүл хооллолт, тэнцвэртэй хооллолт, зөв хооллолт гэдэг нь гурван өөр ойлголт. Эрүүл хооллолт гэдэг нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүнээр хооллохыг хэлдэг.
Харин тэнцвэртэй хооллолт гэдэг нь тухайн хүний биед шаардлагатай шимт бодис, илчлэг, нүүрс ус, уураг, өөх тос зэрэг хэрэгцээт зүйлсийг тохирсон хэмжээгээр авч чаддаг байхыг хэлнэ.Зөв хооллолт гэдэг нь тэнцвэртэй хооллолтыг амьдралдаа хэвшүүлж, өдөр тутмын дадал зуршил болгож чадсаныг хэлж болно.
Өөрөөр хэлбэл хүн хэзээ, ямар хэмжээтэй, ямар төрлийн хоол хүнс хэрэглэхээ мэддэг байх хэрэгтэй.Монголчуудын хувьд зөв хооллохыг хичээдэг болсон ч яг зөв хооллолтын дадал бүрэн төлөвшөөгүй байна. Тэнцвэртэй хооллож чадахгүй байгаа тохиолдолд зөв хооллолт гэж хэлэхэд хэцүү.
- Өглөөний цай яагаад чухал вэ?
Хүний биед биологийн цаг гэж байдаг. Тэр хэмнэлдээ тохируулан хооллох нь чухал. Өглөөний цай яагаад хэрэгтэй вэ гэхээр хүн орой унтсанаас хойш өглөө хүртэлх хугацаанд тархи тодорхой хэмжээгээр ажиллаж, бодисын солилцоо явагдаж, энерги зарцуулж байдаг.
Тиймээс өглөө босоод хөнгөн ч гэсэн хооллож, өдөрт зарцуулах эрч хүчээ нөхөх шаардлагатай. Өглөөний хоол шингэсний дараа өдрийн хоолоо идэж, тэр энергийг өдөржин зарцуулсны дараа оройн хоолоо хэрэглэнэ. Харин өдөрт ганцхан удаа хооллодог бол хүн амархан ядарч, сульдах шалтгаан болдог.
- Тэнцвэртэй хооллолт хүний эрүүл мэнд, амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?
Ерөнхийдөө тэнцвэртэй хооллож чадсанаар тухайн хүний амьдралын чанар илүү сайжирдаг. Товчхондоо, урт наслах, ямар нэгэн өвчин эмгэгт өртөх эрсдэлийг бууруулах, эрүүл биетэй байх үндэс нь зөв хооллолтоос эхэлдэг. Гэтэл өнөө үед хүмүүсийн амьдралын хэв маяг, ажлын ачааллаас шалтгаалаад өдөрт нэг удаа хооллох, ингэхдээ нэг дор их хэмжээгээр идэх тохиолдол их байна.
Хүн удаан хугацаанд хоол идэхгүй явж байгаад нэг дор их хэмжээгээр хооллоход хүний бие махбод тухайн хоолыг бүрэн боловсруулж чаддаггүй. Хүний биед нэг удаад боловсруулах боломжтой тодорхой хэмжээний хоол байдаг. Түүнээс хэтрүүлж идэх үед боловсруулагдаагүй илүүдэл хоол өөх тос болон хуримтлагддаг.
Үүний хамгийн наад захын үр дагавар нь жин нэмэх, таргалалт үүсэх. Мөн хэт их ачаалал авсан хоол боловсруулах эрхтэн тогтолцоо ядарч, үйл ажиллагаанд доголдол үүсэх, цаашлаад дотоод эрхтний өвчлөл, үрэвслийг даамжруулах эрсдэлтэй.
- Сүүлийн үед хүмүүс 16/8 гэх ойлголттой болсон.Орой 18:00 цагаас хойш хоол идэхгүй байх нь зөв үү?
Орой 18:00 цагаас хойш хоол идэхгүй байж болно. Гэхдээ үүний өмнөх өдрийн хооллолт зөв зохицсон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн өдөрт гурван удаа буюу өглөө, өдөр, оройн хоолоо тохирсон хэмжээгээр идсэн, оройн хоолоо эрт хэрэглэсэн бол 18:00 цагаас хойш хоол идэхгүй байж болно.
Харин оройн хоол идэхгүй байхаар шийдсэн бол өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй. Мөн тухайн хүн хүнд нөхцөлд биеийн хүчний ажил хийдэг, тогтмол хөдөлгөөнтэй байдаг бол орой хоол идэхгүй байснаар булчингийн масс буурах, бие сульдах, ядарч сульдах эрсдэлтэй. Тиймээс хүн өөрийн ажил, амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвхдээ тохируулан хооллолтоо зохицуулах нь чухал. Ерөнхийдөө мэргэжлийн хүмүүс хүний биологийн цагтай уялдуулан өдөрт гурван удаа хооллохыг зөвлөдө
- Эмэгтэйчүүдийн дунд баяр ёслолын өмнө эсвэл тухайн зорьсон хугацаанд огцом дэглэм барьж жин хасах хандлага их байдаг. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Эр эм гэлтгүй ийм тохиолдлууд их байдаг. Ялангуяа манай эмэгтэйчүүд шинэ жилийн баяр болон ямар нэгэн арга хэмжээний өмнө биеийн жиндээ анхаарч, хоолоо огцом хасах тохиолдол их байдаг. Хоолоо огцом хассанаар хүний дархлаа буурч эхэлдэг. Мэдээж богино хугацаанд дэглэм бариад хүссэн жиндээ хүрч болох ч дархлаа суларснаар өвчлөмтгий болж, хамгийн наад зах нь ханиад томуу хүрэх эрсдэл нэмэгддэг.
Мөн богино хугацаанд хассан жин эргээд хурдан нэмэгдэх магадлал өндөр. Тиймээс хүн тэнцвэртэй хооллож, зөв хооллолтыг амьдралын хэв маяг болгож чадвал таргалалт үүсэх эрсдэл багасаж, өвчлөлөөс сэргийлж чадна. Хэрэв үнэхээр богино хугацаанд жин хасах шаардлагатай бол заавал мэргэжлийн хүн буюу эмч, хоол зүйчээс зөвлөгөө авч ажиллах хэрэгтэй.
Учир нь зарим хүн өөрийн суурь өвчнийг мэдэхгүй байж огцом дэглэм барьдаг. Ингэснээр тухайн өвчлөл даамжрах, хүндрэх, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэх боломжтой. Тиймээс жингээ хасахдаа төлөвлөгөөтэй, урт хугацаанд хасаж, тэр жингээ мөн тогтвортой хадгалах нь хамгийн зөв арга.
- Сүүлийн үед тураах кофе, жин хасах бүтээгдэхүүн цай, эмийн бэлдмэл их хэрэглэдэг болсон. Энэ талаар та юу зөвлөх вэ?
Тураах кофе болон богино хугацаанд жин хасах бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүст хэлэхэд, бөөр үрэвсэх, цөс өтгөрөх, цөсний чулуутай болох зэрэг эрсдэл дагуулж болно. Хүн бүрийн бие организм өөр. Нэг хүнд тохирч байгаа бүтээгдэхүүн өөр хүнд тохирохгүй байж болно.
Хүмүүс жин хасах тухай ярихаараа богино хугацаанд ид шидийн мэт 5-10 килограмм хасахыг хүсдэг. Гэвч бодит байдал дээр эрүүл аргаар жин хасах үйл явц тодорхой хугацаа шаарддаг.
Ерөнхийдөө нэг сард 2-3 килограмм жин хасах нь эрүүл жин хасалт гэж үздэг. Харин мэргэжлийн хүний хувьд сард 8-10 килограмм хасна гэж зөвлөхгүй, ийм арга барилыг дэмжихгүй.
- Зуны дэлгэр цагт монголчуудын хооллолтод махны хэрэглээ түлхүү их байдаг. Махыг хэр хэмжээгээр хэрэглэх нь зөв бэ?
Мах бол илчлэг ихтэй, уургийн агууламж өндөртэй хүнс. Гэхдээ аливаа хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Махыг хэт их хэрэглэснээр бөөр, элэг, нойр булчирхай зэрэг эрхтэнд ачаалал өгч, үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болно.
Тиймээс махаа хэрэглэхийн зэрэгцээ хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, цагаан идээг тогтмол хэрэглэж, хоол хүнсээ тэнцвэртэй байлгах нь чухал. Бид жилийн дөрвөн улиралтай оронд амьдардаг ч өнөөдрийн хотын иргэдийн амьдралын хэв маяг өмнөхөөсөө өөр болсон.
Хотод амьдардаг хүмүүс ихэвчлэн гэрээсээ гараад машиндаа суудаг, машинаас буугаад оффистоо очин ихэнх цагаа суугаа байдлаар өнгөрүүлдэг. Тиймээс хүнд хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлгөөний идэвх багатай хүмүүст өмнөх шигээ их хэмжээний илчлэг авах шаардлагагүй. Суугаа ажилтай, хөдөлгөөн багатай хүн хэт их илчлэг авбал илүүдэл энерги нь өөх болж хуримтлагдан, жин нэмэх эрсдэлтэй.
- Энэ асуудал бага болон өсвөр насны хүүхдүүдийн хооллолтод ч хамаарах уу?
Тийм. Ялангуяа хотын хүүхдүүд хөдөөний хүүхдүүдтэй харьцуулахад хөдөлгөөн бага байх тохиолдол их. Тиймээс хүүхдэд зөвхөн мах, гурил, будаа их хэмжээгээр өгөхөөс илүү өсөлт хөгжилд нь шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнсийг түлхүү өгөх хэрэгтэй. Мэдээж хүүхэд өсөлтийн шатандаа байгаа учраас шим тэжээлтэй хоол хүнс маш чухал.
Хүүхдийн өсөлт хөгжилд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ маш чухал үүрэгтэй. Мөн хүүхэд өдөрт 1-2 аяга сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь хэрэгтэй.
Томчуудын эрүүл мэнд, хүүхдийн өсөлт хөгжилд хамгийн чухал зүйл бол нэг төрлийн хүнсийг ихээр хэрэглэх биш, хоол хүнсээ зөв тэнцвэржүүлэх юм. Өөрөөр хэлбэл, “мах сайн” гээд зөвхөн мах идэх биш, төрөл бүрийн хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
- Хүүхдийг хүнсний ногоо идэж сургахад юуг анхаарах вэ, анхаарах шаардлагатай юу?
Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс эхлээд гэр бүлийн хооллолтын хэв маягийг үнэлдэг. Жишээлбэл, эцэг эх өөрсдөө ногоо иддэггүй байж хүүхдэдээ “ногоо ид” гэж хэлбэл хүүхэд дагаж идэх нь хэцүү. Хүүхэд хамгийн түрүүнд гэр бүлийнхнээ дуурайж сурдаг учраас эцэг эх өөрсдөө зөв үлгэрлэх хэрэгтэй.
Гэхдээ зарим гэр бүл хүнсний ногоо хэрэглэдэг байхад хүүхэд идэхгүй байх тохиолдол байдаг. Үүний шалтгаан нь тухайн ногоог анх өгөхдөө буруу арга хэрэглэсэн, эсвэл хүнсний бүтээгдэхүүний зохицол буруу байснаас амт нь хүүхдэд таалагдаагүй байж болно.
Тиймээс хүнсний ногоог хэрхэн зөв бэлтгэх, ямар хүнстэй хослуулах талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах боломжтой. Мөн хүүхэд бор хоолонд орж эхлэх үеэс нь бүх төрлийн ногоог бага багаар, жижиглэж, нухаж, хоолонд нь хийж дасгах хэрэгтэй.
Эхлээд хүүхдийг төрөл бүрийн амттай танилцуулж, дараа нь хүнсний ногоог зөв боловсруулах арга барилд анхаарах нь чухал. Учир нь хүнсний ногоог боловсруулах хугацаа, арга нь шим тэжээлийг хадгалахад нөлөөлдөг. Буруу болгосноор хүүхэд авах ёстой шим тэжээлээ бүрэн авч чадахгүй байх эрсдэлтэй.
- Хоол хүнсээ ихэвчлэн хөлдөөж бэлтгэдэг айл өрх байдаг. Зарим тохиолдолд үлдсэн хоолыг хэрхэн зөв хадгалах вэ?
Хамгийн чухал нь агаартай урвалд оруулахгүй вакумдах нь чухал байдаг. Мөн дахин дахин гэсгээж хөдлөөхгүй байх хэрэгтэй. Тийм учраас яг нэг удаагийн хоолонд хийхээр хадгалах нь зөв.
Баярын үеэр хүмүүс хоол, салатыг их хэмжээгээр бэлддэг учраас илүү гарах тохиолдол элбэг. Ийм үед хоол хүнсээ зөв хадгалах нь маш чухал.Илүү гарсан хоол, салатыг сайтар таглагддаг саванд хийж хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Мөн хоол хүнсийг хоёр хоногоос дээш хугацаагаар хадгалж хэрэглэвэл хоолны хордлого үүсэх эрсдэл нэмэгддэг. Хиам, гахайн мах зэрэг боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн заасан хадгалалтын хугацаа, нөхцөлийн дагуу хэрэглэх шаардлагатай.
Ялангуяа өндөг орсон хоол, салат тасалгааны хэмд удаан хугацаагаар байсан бол хэрэглэхгүй, шууд хаях нь зөв.Хоол хүнсний зөв хадгалалт нь эрүүл мэндээ хамгаалах нэг чухал хэсэг юм. Эрүүл мэндийнхээ төлөө хичээж л байгаа бол дан ганц хоол сойр бус хооллолт, нойр, амралт, амьдралын баланс гэх бүхий л зүйлээ нэгийг нь ч орхигдуулахгүй бүгдийг нь зэрэг авч явах хэрэгтэй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!