Нийгэм хэдий хурдтай хөгжиж, технологи тасралтгүй шинэчлэгдэж байгаа ч хүний аз жаргалын үндэс өөрчлөгдөөгүй. Хайр, халамж, итгэлцэл, эрүүл мэнд, эв нэгдэл зэрэг үнэт зүйлс л хүнийг жинхэнэ утгаар нь баян болгодог.
Амьсгалах аж төрөх нь өөрөө аз жаргал. Бид алхаж хийж бүтээж, мэдэрч, инээмсэглэж чадна. Хэн нэгэнд гомдсон сэтгэл ч өөрийгөө амьд оршин буйг мэдэрч буй мэдрэмж. Бүгдэд зүрх сэтгэл бий.
Өнөөгийн нийгэмд хүмүүс амжилт, хөрөнгө мөнгө, өндөр албан тушаалыг аз жаргалын хэмжүүр мэтээр ойлгох нь элбэг. Илүү ихийг бүтээх, илүү ихийг эзэмшихийн төлөө яарч тэмүүлэх зуур бид амьдралын хамгийн энгийн атлаа хамгийн үнэтэй мөчүүдийг анзаарахгүй өнгөрөөх нь бий.
“Ам юугаар бялхана, амьдрал түүгээр бялхана” гэх үг нь хүний амьдралын утга учрыг эд хөрөнгөөр бус, өдөр тутмын эгэл жаргал, сэтгэлийн амар амгалангаар хэмжихийг сануулдаг мэт. Өөрөө өөртөө хүн сайныг ч дуудаж, сайхныг ч дуудаж болох.
Гэр бүлийнхэнтэйгээ нэг ширээний ард ам бүлээрээ халуун хоол идэх, аав ээжийнхээ яриаг сонсох, найз нөхөдтэйгөө чин сэтгэлээсээ инээх, уулзах, үр хүүхэд эрүүл саруул байх, өглөөг зүгээр л угтах, сэрэх аж төрөх зэрэг нь мөнгөөр худалдаж авч болшгүй үнэт зүйлс юм.
Хүмүүн гэдэг ихэвчлэн энэхүү үнэ цэнийг алдсаны дараа л ойлгодог. Эрүүл мэндээ алдах үедээ эрүүл байхын үнэ цэнийг, хайртай хүнээ холдох үедээ хамт өнгөрүүлсэн мөчүүдийн утгыг мэдэрдэг. Тиймээс аз жаргалыг алс ирээдүйд биш, өнөөдрийн жижигхэн баяр баясгалангаас хайх нь илүү зөв сонголт.
Амьдралын аз жаргал үргэлж том амжилт, их хөрөнгөнд бус, энгийн атлаа үнэ цэнтэй зүйлсэд оршино. Өдөр бүрийн жижигхэн баяр баясгаланг мэдэрч, хайртай хүмүүс, хамт өнгөрүүлэх мөч бүрээ эрхэмлэн хамгаалж чадваас хүн хамгийн баян, хамгийн аз жаргалтай, амар амгалан амьдралыг эрэлхийлж гагцхүү бүтээж чадна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!