Хорвоо дээр хүн бүхнийг ганцаараа туулдаггүй. Бидний амьдрал бусдын түшиг, хайр, итгэл, уучлал, халамж дээр оршин тогтдог “Вант улс”.
Өнөөгийн нийгэм хүмүүс амжилт, эд хөрөнгө, албан тушаалын төлөө өрсөлдөх нь ихэссэн гунигт зааг бий. Гэвч энэ өрсөлдөөний дунд хүний халуун сэтгэл, харилцан ойлголцол, энэрэнгүй зан аажмаар бүдгэрч байгаа нь нууц биш. Сошиал орчинд нэг нэгнээ шүүмжлэх нь амархан ч, бодит амьдрал дээр мөрөө түшүүлж, сэтгэлийг нь түшиж өгөх хүн улам ховордож буй мэт.
Амьдралын зам үргэлж тэгш дардан байдаггүй. Зарим өдөр бид бусдын мөрийг түшиж, тэдний урмын үг, тусламж дэмжлэгээр босож ирдэг. Харин өөр нэг өдөр хэн нэгэн бидний мөрийг түшиж, бидний хэлсэн ганцхан үг, хийсэн өчүүхэн тус тэдэнд итгэл найдвар болдог.
Амьдралын үнэ цэн зөвхөн өөрийн амжилтаар хэмжигдэхгүй, харин хэчнээн хүний амьдралд гэрэл асааж чадсанаар хэмжигддэг мэт. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, хөршүүдийн хоорондын халуун дотно харилцаа л нийгмийг бат бөх болгодог.
Эцэг эх нь хүүхдийнхээ түшиг болж, хүүхэд нь өндөр насанд хүрсэн хойноо эцэг эхийнхээ мөрийг түшдэг. Найз нөхөд баярт мөчид хамт инээж, зовлонгийн өмнө хамт толгой гудайна. Энэ бол “мөрийг нь дэрлэж, мөрөө дэрлүүлж” амьдрахын хамгийн бодит илэрхийлэл юм. Хүн бүр хэзээ нэгэн цагт хүчтэй бас сул дорой байдаг. Тиймээс бусдын гунигийг үл ойшоож, алдааг нь шоолохын оронд ойлгож, сонсож, дэмжиж сурах нь чухал. Учир нь өнөөдөр тусалсан нэгэн маргааш өөрөө тусламж хэрэгтэй болохыг амьдрал үгүйсгэдэггүй.
Хүн чанар, энэрэл, харилцан түшилцэх сэтгэл үгүй бол амьдралын утга бүдгэрнэ. Харин бие биедээ мөрөө дэрлүүлж, хэрэгтэй цагт нь мөрийг нь түшиж чаддаг хүмүүс олон байх тусам энэ хорвоо илүү дулаан, илүү аз жаргалтай. Амьдралын жинхэнэ үнэ цэн нь ганцаараа оргилд гарахад бус, хамтдаа нэгнийгээ түшиж, нэгнийгээ өндийлгөн алхахад оршдог.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!