Зуны дэлгэр талд өглөөний нар алтран гийгүүлж, хурдан хүлгийн төвөргөөн, бөхийн дэвээний уухай, сурын сумны исгэрээ нэгэн зэрэг цуурайтах мөчид Монгол түмний сэтгэл, итгэл, атгахан зүрх нэгэн хэмээр цохилно.
Үндэсний их баяр наадам бол монголчуудын төрт ёс, түүх, өв соёл, үндэсний бахархлыг нэгэн дор илэрхийлдэг хамгийн том баяр юм. Энэхүү баярын гол цөм болсон эрийн гурван наадам нь бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харвааг багтаасан бөгөөд олон зууны турш монголчуудын ахуй амьдрал, цэрэг дайны бэлтгэл, зан заншилтай салшгүй холбоотой хөгжиж иржээ.
Судлаачдын үзэж буйгаар эрийн гурван наадам нь овгийн байгууллын үед үүссэн бөгөөд анх ан гөрөө, мал аж ахуй, эх нутгаа хамгаалах дайчин эрсийг бэлтгэх зорилгыг агуулж байсан гэж үздэг. Харин Хүннүгийн үеэс эхлэн бичгийн сурвалжид тэмдэглэгдэж, улмаар төрийн ёслолын шинжтэй бүх нийтийн баяр болон хөгжсөн байна.
Эрийн гурван наадмын төрөл бүр өөр өөрийн онцлогтой. Бөхийн барилдаан нь хүч чадал, тэсвэр хатуужлыг, сурын харваа нь онч мэргэн байдал, төвлөрлийг, хурдан морины уралдаан нь монгол хүний адуу малтайгаа холбогдсон соёл, уяа сойлгын уламжлалыг илэрхийлдэг. Эдгээр нь зөвхөн спортын тэмцээн бус, монголчуудын оюуны болон биет бус соёлын өвийн салшгүй хэсэг юм.
Наадмын үеэр барилдаачид уламжлалт зодог, шуудаг өмсөн дэвж, харваачид үндэсний нум сумаар цэц мэргэнээ сорьдог бол хурдан хүлгүүдийг олон сарын турш уяан сойж уралдуулдаг. Түрүүлсэн бөх, мэргэн харваач, хурдан морьдод өвөрмөц утга агуулсан цол, магтаал хүртээдэг нь энэхүү баярын соёлын үнэ цэнийг улам тодотгодог.
Түүхийн урт хугацаанд эрийн гурван наадам олон сорилттой тулгарсан. Феодалын болон Манжийн эрхшээлийн үед баяр наадмыг шашин, язгууртны эрх ашигт нийцүүлэх, ард олны оролцоог хязгаарлах оролдлого гарч байсан ч монголчууд үндэсний уламжлалаа хадгалан хамгаалж, уул овооны тахилга, хурим найр зэрэг олон арга хэмжээгээр дамжуулан наадмаа үргэлжлүүлэн зохион байгуулсаар иржээ. Ийнхүү эрийн гурван наадам нь зөвхөн баяр цэнгэл бус, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болж чадсан юм.
1921 оны Ардын хувьсгалын ялалтын дараагаас Үндэсний их баяр наадмыг жил бүрийн долоодугаар сарын 11-нд улсын хэмжээнд тэмдэглэх болсон нь эрийн гурван наадмыг төрийн хэмжээний ёслол болгон хөгжүүлэх шинэ үеийг эхлүүлсэн. Өнөөдөр ч бөх, морь, сурын уламжлалт төрлүүд үндсэн байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд орчин үеийн спортын тэмцээнүүд нэмэгдсэнээр баярын агуулга улам өргөжиж байна.
Эрийн гурван наадам нь монголчуудын өвөг дээдсээс өвлөн үлдээсэн үнэт өв бөгөөд эх орон, үндэсний эв нэгдэл, төрт ёсны бэлгэдэл хэвээр байна. Энэхүү уламжлалыг хамгаалан хөгжүүлж, залуу үедээ өвлүүлэн үлдээх нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг билээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!