Сүүлийн өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмч нар иргэд, тэр дундаа бага насны хүүхэд, өндөр настнуудыг халалт, наршилтаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Өдрийн хамгийн халуун үе болох 12:00-16:00 цагийн хооронд хүүхдүүдийг нарны шууд тусгалд удаан байлгахгүй байх, зайлшгүй гадаа гарах бол нимгэн, цайвар өнгийн хувцас өмсгөж, малгай, шүхэр, нарны шил хэрэглэхийг зөвлөжээ.
Мөн шингэний дутагдлаас сэргийлэхийн тулд ус болон бусад шингэнийг тогтмол уух нь чухал. Хэрэв толгой өвдөх, дотор муухайрах, бие сульдах, арьс улайж халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай сэрүүн орчинд амарч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэхдээ хүйтэн жин тавих, тасалгааны температуртай усаар биеийг арчиж сэрүүцүүлэх, хангалттай хэмжээний шингэн уулгахыг зөвлөж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, хэт халалтын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэвшихийг эмч нар анхаарууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!