Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү барилдаж, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр 2024 оны Парисын Олимпын наадмын дараа ээж болж, спортоо түр завсарлаад байсан юм. Харин Монгол Улсад зохион байгуулсан “Улаанбаатар их дуулга” тэмцээнээс эхлэн олон улсын тэмцээнүүдэд эргэн оролцож эхэлсэн бөгөөд Будапештийн “Их дуулга”-аас Олимпын наадмаас хойших анхны медалиа хүртэж байна.

Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэнээр дэлхийн чансааны оноогоо ахиулж, 116 дугаар байрнаас 51 дүгээр байр руу урагшиллаа. Ингэснээр тэрбээр ирэх аравдугаар сард зохион байгуулагдах Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан байна.