Боливийн Андын нурууны зүүн бэл дэх Юнгасын чийглэг, үүлэн ойд урьд өмнө тусдаа зүйл болохыг нь шинжлэх ухаан тогтоогоогүй байсан жижиг зэрлэг муур амьдарч байсныг олон улсын судлаачдын баг генетикийн шинжилгээгээр тогтоожээ. Судалгааны үр дүн 2026 оны есдүгээр сарын 17-нд "Current Biology" сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

Шинээр тодорхойлогдсон зүйлийг Leopardus tilcayo хэмээн нэрлэсэн бөгөөд нутгийн иргэдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн “tilcayo” нэршлийг шинжлэх ухааны нэрэнд нь тусгажээ. Тилкайо нь “барын муур” хэмээн нэрлэгддэг жижиг зэрлэг муурын бүлэгт багтдаг байна. Тилкайо нь жижиг биетэй, цайвар хүрэн өнгийн үсэн дээрээ бараан, сарнайн хэлбэрийн толбо бүхий бөгөөд гадаад төрхөөрөө ирвэсийн жижиг хувилбарыг санагдуулдаг. 

Биеийн урт нь ойролцоогоор 45-46 сантиметр, жин нь 1.3-1.4 килограмм орчим гэж судлаачид мэдээлжээ. Иймээс дундаж гэрийн муураас ч жижиг биетэй. Мөн бусад ойролцоо төрлийн муурнаас ялгарах нүүрний хэлбэр, дугуйдуу жижиг чих, урт сахал болон бие дээрх харьцангуй том толбон хээ нь судлаачдын анхаарлыг татжээ. Шинэ зүйлийг илрүүлсэн түүх 2016 оноос эхэлжээ. Тухайн үед ойролцоох замаас зулзага байхад нь олдсон нэгэн муурыг нутгийн айл гэрийн муур хэмээн андуурч, хэсэг хугацаанд гэртээ тэжээжээ. Харин амьтан зэрлэг шинжтэй болох нь тодорхой болсны дараа Боливийн Юнгасын "Senda Verde" байгаль хамгааллын төвд шилжүүлсэн байна. 

Биологич Паола Ногалес-Аскаррунс уг амьтныг анх судлахдаа өмнө нь мэдэгдэж байсан "Leopardus tigrinus" буюу барын муурын нэгэн төлөөлөл байж магадгүй гэж үзэж байжээ. Гэвч биеийн толбон хээ, нүүрний хэлбэр зэрэг нь өмнө мэдэгдэж байсан муурнуудаас ялгаатай байв. Судлаачид "Leopardus" төрлийн 38 муурын бүтэн геномыг харьцуулан шинжилсэн байна. Үүнд амьд амьтдаас авсан дээжээс гадна музейд хадгалагдаж буй сорьцууд ч багтжээ. 

 Шинжилгээний дүнгээр тилкайо нь бусад барын муурнаас генетикийн хувьд тодорхой ялгаатай, бие даасан хувьслын шугам болох нь тогтоогдсон байна. Судлаачдын тооцоолсноор уг шугам бусад ойрын төрөл саднаасаа ойролцоогоор 1.4 сая жилийн өмнө салж, тусдаа хөгжжээ. Энэ нь зөвхөн нэг шинэ муур илрүүлсэн хэрэг биш бөгөөд Өмнөд Америкийн жижиг зэрлэг муурны ангилал, хувьслын талаарх өмнөх ойлголтыг дахин авч үзэх шаардлагатайг харуулж байна. Тилкайо зэрлэг муур Боливийн Юнгасын үүлэн ойд нутагладаг. Энэ бүс нутаг нь биологийн олон янз байдлаараа онцгой боловч ой мод огтлолт, газар тариалан, уул уурхайн үйл ажиллагаа зэрэг хүний нөлөөнд өртөж буйг судлаачид онцолжээ. Одоогоор тилкайогийн байгаль дахь тоо толгой, тархалтын хүрээ, амьдралын хэв маягийн талаар хангалттай мэдээлэл байхгүй байна. 

Анхны ажиглалтаар шөнийн идэвхтэй бөгөөд жижиг мэрэгчээр хооллодог байж болзошгүй гэж үзэж байгаа ч энэ талаар нэмэлт судалгаа шаардлагатай. Судлаачид шинэ зүйлийн хамгааллын статусыг нарийвчлан тогтоохын тулд цаашид камерын урхи болон хээрийн судалгааг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү Боливийн Юнгасын ойд нутгийн иргэдийн олон жилийн турш мэддэг байсан ч шинжлэх ухаанд тусдаа зүйл хэмээн бүртгэгдээгүй нэгэн жижиг муур генетикийн судалгааны ачаар дэлхийн шинжлэх ухаанд шинээр танилцлаа.

Эх сурвалж: https://www.reuters.com/busine...