Орон нутагт өнгөрсөн өдрүүдэд гарсан ой, хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 1120 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагийн орчимд ойн түймэр гарчээ.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, хилийн цэргийн бие бүрэлдэхүүн болон Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан хамтран ажиллаж байна.
Одоогоор гал түймрийн зүүн болон урд хэсэгт унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 80 орчим га талбай ойн түймэрт өртсөн байна.
Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өчигдөр хээрийн түймэр гарчээ.
Тус түймрийг Цагаан-Овоо болон Хөлөнбуйр сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, 17:20 цагт цурамд оруулан, 18:30 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт 1040 га талбай өртсөн гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!