Дүнжингаравын уулзварт болсон газны дэлбэрэлттэй холбоотой эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 11:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Тус шүүх хуралдаан “Жанжин клуб”-ийн байранд болох бөгөөд “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг хэлэлцэх юм.

Хэргийг эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин “Патрол” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас хүчтэй дэлбэрэлт гарсан.

Ослын улмаас нийт долоон хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд олон тооны орон сууц, автомашин болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.

Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч байсан бол эмнэлгийн тусламж авч байсан дөрвөн иргэн шархаа даалгүй нас барсан байна.

Уг хэрэгтэй холбогдуулан хохирогчдын ар гэр, иргэд оршин суугчид буруутай этгээд, аж ахуйн нэгжээс хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөр олгох болон уучлал хүсэхийг шаардсаар ирсэн.