3 их наядын ногдол ашгийн сүүдэрт дарагдаж буй "Орших уу, эс орших уу" хууль. Усны тухай хууль ба уул уурхайн ашиг сонирхол. Маргаашийн чуулганаар юу шийдэгдэх вэ?

Хүн биеийнхээ 10 хувийн усыг алдахад л харангадаж үхдэг гэх судалгаа бий. Бид өнөөдөр усгүйн зовлон амсаагүй болохоор маргааш ч тийм зүйл болохгүй мэт тайван сууна. Гэтэл АНУ-ын зүүн өмнөд мужуудад ган гачгаас болж бүхэл бүтэн хотууд дусал ч усгүй болж, өдөрт ердөө 3 цаг устай байж, машинаар ус зөөн амьдарч байна.

Гэтэл манайд ямар байна вэ? Маргааш УИХ-аар "Усны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. 3 их наядын ногдол ашиг хуваах тооцоо бодож толгойн дотор нь тооны машин хөвөрч суугаа эрх баригчдад усны асуудал манатай байж мэдэх ч энэ бол бидний орших, эс оршихтой шууд холбоотой хууль. Маргааш хэлэлцэхгүй бол дахиад нэг жил гацна.

Саяхан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нэгэн баримт дэлгэж аргаа баран яваа харагдсан. Түүний хэлснээр Монгол хүн 1 литр усыг 2 төгрөгөөр ууж байхад уул уурхайн компаниуд 1 литр усыг 1 төгрөг 20 мөнгөөр хэрэглэж байна гэсэн агуулгыг яриад яваа. Нэг үгээр хэлбэл, уул уурхайн компаниуд шороо угаах усаа Монгол хүний уух уснаас ч хямд авч байна гэсэн үг. Тэртээ тэргүй үнэгүйдсэн Монгол хүний үнэ цэн, амь насыг төр засаг нь ингэж л доромжилж, 1 төгрөг 20 мөнгөнөөс ч дор үнэлж буй.

Хамгийн том асуудал юу вэ? Уул уурхайн компаниудын асар том эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ хуулийг хэлэлцэх эсэх дээр нь унагах сонирхол зарим гишүүдэд байж болзошгүйг үйл явц харуулж байна. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэх асуудал УИХ-ын байнгын хороодын хуралдаан дээр дэмжлэг авч чадахгүй унасаар байгаа нь анхаарал татна. Асар их мөнгөний эрх ашгийг сөрж, энэ хуулийг босго давуулахад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ганцаардах эрсдэлтэй нүүр тулж буй. Бусад гишүүдийн зүгээс "юун ус яриад байгаа юм, Оюутолгойн ногдол ашиг авах асуудалдаа анхаар" гэх хандлага гаргаж, асуудлыг үл тоомсорлохыг ч үгүйсгэх аргагүй.

Бүхэл бүтэн 14 жилийн дараа "Усны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж буй нь өөрөө маш том дэвшил юм. Тиймээс энэ хуулийн хувь заяанд Монгол хүн бүр анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Бид ундны усаа уул уурхайн компаниудаас өндөр үнээр худалдаж авч уух ёсгүй. Гэтэл нөгөө талд газрын гүний усыг асар их хэмжээгээр ашигладаг уул уурхайн томоохон бүлэглэлүүд усыг хямд үнээр хэрэглэсэн хэвээр үлдэх сонирхолтой байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 9 аймгийн 56 сум унд, ахуйн цэвэр усны хомсдолд орчихоод байгаа бодит нөхцөл байдал үүсээд байна. Ийм эгзэгтэй цаг үед "Усны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг гацаах бус, олон нийтээрээ хяналт тавьж, анхааралдаа авах шаардлагатай байна.

Сэтгүүлч Д.Майцэцэг