Узбекистаны Самарканд хотноо болсон Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын шатарчид түүхэн амжилт үзүүллээ. Тус олимпиадад 189 орны шилдэг шатарчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 17 оноо авч, дэлхийд 7 дугаар байрт шалгарсан байна. Ингэснээр Монголын эмэгтэй шатарчдын олимпиадын түүхэн дээд амжилт шинэчлэгдлээ.
Монголын эмэгтэй шигшээ багийн өмнөх хамгийн өндөр үзүүлэлт нь 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн амжилт байв. Харин энэ удаа дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж, анх удаа ТОП-10-д багтжээ. АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай ижил 17 оноо авсан бөгөөд коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт бичигдсэн байна.
Мөн 19 настай Х.Баясгалан тэмцээний турш 11 өрөг дараалан тоглож, 8 оноо авснаар III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд 4 дүгээрт эрэмбэлэгджээ.
Монголын эрэгтэй шигшээ баг нийт дүнгээр 26 дугаар байр эзэлж, “В” ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Монголын шатрын холбооноос цаашид энэхүү амжилтыг улам ахиулж, шатрыг боловсролын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн шатрын дээд түвшинд өрсөлдөх шинэ үеийн шатарчдыг бэлтгэх зорилт тавьж буйгаа илэрхийлжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!