Непал даяар үргэлжилсэн аадар борооны улмаас их хэмжээний үер бууж, хөрсний гулгалт үүссэнээр олон хүн амиа алдаж, хэдэн мянган иргэн орон гэрээ орхин аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэгдээд байна.

Тус улсын цагдаагийн газар болон Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний газрын мэдээлснээр есдүгээр сарын 24-нөөс хойш орсон хүчтэй аадар борооны улмаас одоогийн байдлаар 27-35 хүн амиа алдаж, 14 орчим хүн сураггүй болжээ. Мөн 15 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Уулархаг болон баруун бүсийн дүүргүүд байгалийн гамшигт хамгийн их өртжээ. Тухайлбал, Баглунг дүүрэгт 10-12, Мягди мужид 6-7, Палпа дүүрэгт тав, Мананг дүүрэгт дөрвөн хүн амиа алдсан байна. Мөн Макванпур, Дхадинг, Кавре, Ролпа зэрэг бүс нутагт хохирол бүртгэгдэж, нийт 540 гаруй гамшгийн тохиолдол бүртгэгджээ.

Үер, хөрсний гулгалтын улмаас 1080 гаруй өрх хохирч, 227 гаруй байшин бүрэн сүйдсэн байна. Улмаар 2000 гаруй иргэнийг аюулгүй бүсэд яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Байгалийн гамшиг дэд бүтцэд мөн ихээхэн хохирол учруулсан байна. Мустанг болон Кали Гандаки голын сав газарт уулын хөрс нурснаар голын урсгал түр хаагдаж, эрэг дагуух суурингууд усанд автжээ.

Тээврийн салбарт 31 гүүр эвдэрч, сүйдсэний дотор Сянгжа болон Гулмиг холбосон гол гүүр багтаж байна. Мөн гол замууд шавар, хөрсний нуралтад дарагдан хаагдсанаар зарим бүс нутагт эрчим хүч, харилцаа холбооны үйлчилгээ тасалджээ. Үүний улмаас нийт 144 мегаваттын хүчин чадал бүхий усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа лаг шаврын улмаас зогсоод байна.

Түүнчлэн Непалын хойд бүсэд Химлунг Химал уулын бэлд байрлах уулчдын түр бааз цасан нурангид дарагдсан байна. Аврах багийнхан нурангин дороос хэд хэдэн хүний цогцсыг гарган авсан бөгөөд 10-12 уулчин болон ажилтан сураггүй хэвээр байгаа аж.

Непал улс наймдугаар сарын сүүлээр гарсан мөсөн голын үерийн хор уршгийг арилгах ажил үргэлжилж байх үед дахин байгалийн гамшигт өртсөн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна.

Одоогоор Непалын арми, цагдаагийн алба хаагчид нисдэг тэрэг, завь ашиглан гамшигт өртсөн алслагдсан бүс нутгуудад эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний газраас үерийн аюулаас сэрэмжлүүлэх хугацааг 48 цаг болгон сунгаж, эрсдэлтэй бүсийн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.