Өглөөний сэрүүлэг дуугармагц л бид өнөөдөр амжуулах ажлаа бодож, утсаа шалган, яарч эхэлдэг. Харин энэ бүхний өмнө өөртөө хэдхэн минут зориулаад үзвэл ямар вэ?
Аяга цайгаа тайван уух, дуртай дуугаа сонсох, кофе уух, тэмдэглэлийн дэвтэртээ бодлоо буулгах, эсвэл зүгээр л цонхоор харан суух. Эдгээр нь өчүүхэн зүйл мэт боловч өөрийгөө сонсох, бодлоо цэгцлэх боломж юм.
Сэтгэл судлалын судалгаануудад анхаарал төвлөрүүлэх бясалгал нь стрессийг бууруулахад тустайг тэмдэглэсэн байдаг. Үүнд заавал удаан хугацаа зарцуулах шаардлагагүй. Өдөрт хэдхэн минутыг чимээгүй сууж, амьсгалдаа анхаарахад зориулж болно.
Бид өдөр бүр бусдад, ажилдаа, амьдралынхаа олон зүйлд цаг гаргадаг. Харин өөртөө зориулах цагийг хойшлуулсаар байдаг нь хачирхалтай.
Өглөө бүр эрт босох нь заримдаа хангалтгүй мэт. Харин сэрсэн хойноо яарахаасаа өмнө өөртөө багахан хугацаа үлдээгээрэй. Учир нь сайхан өдрийг эхлүүлэхийн тулд бүх зүйл төгс байх албагүй. Заримдаа өөртөө тайван амьсгаа авах боломж олгох л хангалттай.
Америкийн Сэтгэл судлалын холбоо (APA)-ны мэдээлэлд дурдсанаар, анхаарлаа тухайн мөчид төвлөрүүлж, бодол мэдрэмжээ шүүмжлэлгүйгээр ажиглахад чиглэсэн бясалгалын аргууд стресс, түгшүүрийг бууруулахад тустайг олон судалгаа харуулжээ. Тус холбоо мөн тайван орчинд таван минут зарцуулан амьсгалдаа анхаарахыг эхлэх энгийн аргуудын нэг гэж зөвлөсөн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!