Өглөө болгон хүн бүр өөр өөрийн гэсэн бодлоо тээсээр нүд нээнэ. 

Хэн нэгэн өнөөдөр амжуулах ажлаа бодож, нөгөө нь өчигдрийн алдаагаа эргэцүүлж, бас нэг нь ирээдүйд юу болох бол гэсэн үл мэдэх айдастай орноосоо босно. Гадаа нар мандсан ч хүн бүрийн дотор өглөө болдоггүй. Зарим хүний хувьд өнөөдрийг эхлүүлэхэд л хангалттай их зориг хэрэгтэй байдаг.

Амьдрал үнэхээр төвөгтэй шүү дээ..

Хичээсэн ч хүссэндээ хүрэхгүй үе бий. Бусдад бүх зүйл сайхан байгаа мэт харагдавч өөрийнхөө амьдралыг бусдынхтай харьцуулаад сэтгэлээр унах үе ч бий. Зөв гэж бодсон сонголт бүхэн буруу болж, бүхнийг шинээр эхлүүлэхээс өөр аргагүй болох мөч ч тохионо. 

Бид заримдаа амьдралаас хэт их зүйл нэхдэг. Бүх зүйл төлөвлөсний дагуу болж, хөдөлмөрлөснийхөө хэрээр амжилтад хүрч, хайрласан хүн маань биднийг ойлгож, өнөөдрийн гаргасан шийдвэр маргааш зөв байсныг батлахыг хүсдэг. Гэвч амьдрал бидний хүссэн дарааллаар өрнөдөггүй. Заримдаа бидэнд хүссэн зүйлийг маань биш, харин хүссэндээ хүрэхийн тулд өөрчлөх ёстой зүйлсийг маань харуулдаг.

Гэхдээ амьдралын хэцүү үе болгон биднийг буруу замаар явж байгаагийн шинж биш. Заримдаа бид зүгээр л ядарсан байдаг. Заримдаа хэтэрхий олон зүйлийг нэгэн зэрэг үүрч, өөртөө амсхийх зай үлдээгээгүй байх нь олонтаа. Бас заримдаа бүх зүйл сайхан болно гэдэгт итгэхээсээ өмнө юу ч тодорхойгүй байгаа тэр цаг хугацааг туулах хэрэгтэй болно.

Бид бусдын амжилтыг хардаг ч түүний ард ямар шөнүүд өнгөрснийг мэддэггүй. Бусдын инээмсэглэлийг хардаг ч сэтгэлээ хэдэн удаа цэгцэлж байж өнөөдрийн төрхөө олсныг нь мэдэхгүй. Хэн нэгэн урагшилж яваа мэт харагдаж, харин бид нэг байрандаа зогссон мэт санагдаж болох ч хүн бүрийн амьдрал өөр өөрийн хэмнэлтэй.

Тиймээс өөрийгөө бусдын амьдралтай харьцуулж, хоцорч яваа мэт мэдрэх бүрдээ нэг зүйлийг санаарай. Чи бусдын цаг хугацаагаар амьдрах албагүй юм.

Амьдралд бүхнийг нэг дор засах шаардлагагүй. Өнөөдөр бүх асуудлаа шийдэж чадахгүй байсан ч болно. Бүх асуултын хариуг мэдэхгүй байсан ч болно. Өмнө нь гаргасан алдаандаа харамсаж, алдсан боломжоо бодож, заримдаа юу хүсэж байгаагаа ч ойлгохгүй суух үе байж болно.

Хамгийн гол нь энэ бүхний дунд өөрийгөө орхиж болохгүй.

Алдаа гаргасан бол дахин суралц. Ядарсан бол амар. Сэтгэл өвдсөн бол өөртөө хугацаа өг. Хүссэн амьдралдаа хүрч чадаагүй байгаа бол өөрийгөө бүтэлгүй хүн гэж дүгнэхийн оронд дараагийн алхмаа бод. Өөрчлөгдөхөд оройтсон мэт санагдавч амьдралынхаа үлдсэн хугацааг хэрхэн өнгөрүүлэхээ өнөөдрөөс шийдэх боломж бидэнд бий.

Бид аз жаргалыг ихэвчлэн холоос хайдаг. Том амжилт гаргасныхаа дараа, хангалттай мөнгөтэй болсныхоо дараа, хүссэн жиндээ хүрснийхээ дараа, мөрөөдлийн ажилдаа орсныхоо дараа л тайван амьдарна гэж боддог. Гэвч амьдрал гэдэг зөвхөн хүрэх ёстой цэгүүдийн цуглуулга биш.

Өглөөний халуун цай, хайртай нэгний дуу хоолой, санаа зовох зүйлгүй унтсан ганц шөнө, удаан уулзаагүй хүнтэйгээ ярилцах мөч, өөрийнхөө төлөө хийсэн өчүүхэн алхам гээд бидний анзааралгүй өнгөрөөдөг зүйлс ч амьдралын нэг хэсэг юм.

Бүх зүйл төгс болохыг хүлээсээр өнөөдрийнхөө амар амгаланг алдаж болохгүй.

Магадгүй өнөөдөр таны хувьд амаргүй өдөр байх. Шийдэх асуудал, төлөх төлбөр, хүлээж буй хариу, хэлж амжаагүй үг, сэтгэлээс гардаггүй бодол байж болно. Тэглээ гээд өнөөдөр бүхэлдээ муу өдөр байх албагүй. Заримдаа нэг өдрийг даван туулах нь өөрөө хангалттай том амжилт байдаг.

Амьдрал төвөгтэй шүү дээ. Гэхдээ тэр төвөгтэй бүхний дунд инээх шалтгаан, дахин эхлэх боломж, өөрийгөө ойлгох хугацаа, хайрлах хүмүүс, хүлээх маргааш үргэлж байх болно.

Чи бүхнийг амжуулах албагүй. Бүх хүнд таалагдах албагүй. Үргэлж хүчтэй байх ч албагүй.

Зарим өдөр урагшилна. Зарим өдөр зүгээр л тэсэж гарна. Харин аль аль нь амьдралын нэг хэсэг.