Д.НОМИН-ЭРДЭНЭ: 20 НАС Ч ХҮРЭЭГҮЙ БАЙГАА НАДАД ТУУЛАХ ИХ ХОЛ ЗАМ БАЙНА

Админ
2019/09/18

Монголын шатарчин охин дэлхийд данслагдаж, Их мастерийн болзол хангасан гайхалтай мэдээ монголчуудын сонорыг мялаасан билээ. Хорин нас ч хүрээгүй охин Дэлхийн оюун ухааны аваргуудын цээнд хүрч, шатрын ноён оргилд хүрнэ гэдэг яах аргагүй бахархалт үйл явдал. Tovch.mn сайт монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулж яваа Монгол улсын анхны өсвөрийн шатарчдын Дэлхийн болон Ази тивийн аварга, Оюун ухааны олимпийн наадам буюу Дэлхийн шатрын 42,43 дугаар олимпиадын Монгол улсын эмэгтэй шатарчдын шигшээ багийн тоглогч, Титэм компаний тамирчин, залуу (IM) Олон Улсын мастер /эрэгтэй/, (WGM) Эмэгтэй Их мастер Даваадэмбэрлийн Номин-Эрдэнэтэй онлайнаар ярилцлаа. Тэрбээр гэр бүлээрээ Унгар улсад амьдардаг юм.

 

 

- Монголчууд шатрын спортын хамгийн оргил цол болох / эрэгтэйчүүдийн/ Их мастер ( GM ) цолны болзолыг Д.Номин-Эрдэнэ хангалаа гэх сайхан мэдээг бахархалтайгаар хүлээн авч байна. Сэтгэгдэлээ хуваалцаач?


- За баярлалаа. Юуны өмнө танай хамт олонд болон энэ ярилцлагыг уншиж байгаа нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэмцээн дуусаад удаагүй байгаа болохоор  сошиал мэдээллүүдийг одоогоор сайн харж амжаагүй л байна. Тэмцээний үеэр болон хүнд бэлтгэлтэй үеүдэд сайн төвлөрөх шаардлагатай байдаг учраас сошиал орчинд бараг ороод байдаггүй гэж хэлж болно.

 


- Их мастер цолны болзол хангахын тулд гурван норм биелүүлдэг. Сүүлийн нормоо ямар тэмцээн дээр биелүүлэв?


- Монгол, Унгар улсын хооронд орчин цагийн дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн их ой 2020 онд тохионо. Энэ их ойг угтан “ МОНГОЛ-УНГАРЫН НАЙРАМДЛЫН ЦОМ” Олон улсын шатрын фестивалыг энэ сарын 9-15-ны өдрүүдэд миний амьдарч байгаа газар буюу Унгар улсын Дебрецен хотноо Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайдын яам, Дебрецен хотын засаг захиргаа, Унгар улсын шатрын холбоо, Монголын шатрын холбооны Европ тив дэх төлөөлөгчийн газар, Дебрецен хотын сургуулиудын Квизда холбоо, MON-HUN клуб хамтран зохион байгуулсан юм.

 

      

 

Миний хувьд үндсэн арга хэмжээ болох Олон улсын өндөр зэрэглэлийн шилдэг шатарчдын Их мастер цолны норм горилох анхдугаар тойргийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Энэ тэмцээнд урилгаар дөрвөн Их мастер, хоёр Олон улсын мастер буюу дөрвөн улсын зургаан тамирчин оролцож давхар тойргийн системээр өрсөлдсөн. Нийт 10 өргө тоглосноос 6 тэнцээ, 4 хожилтой нийт 7 оноо авсан ч кофицентын зөрүүгээр Украйн улсын Их мастер Александар Ковчаны дараа 2 дугаар байрт шалгарлаа. Хэдийгээр энэ тэмцээнд түрүүлж чадаагүй ч өөрийн томоохон зорилгуудын нэг эрэгтэйчүүдийн Их мастер цолныхоо сүүлийн буюу 3 дахь нормоо биелүүлж чадсандаа туйлын их баяртай байна. Их мастер цол авахын тулд Олон улсын шатрын холбооны журмын дагуу гурван норм биелүүлж, олон улсын рейтингээ 2500 хүргэсэн байх ёстой. Тэгэхээр надад одоо олон улсын рейтингээ 2500 хүргэх ганцхан, мөн хүндхэн даваа үлдлээ дээ. Өөрийнхөө өргүүдэд сэтгэл хангалуун байгаа. Сэргэлт ч бас сайтай байна. Тиймээс намайг үргэлж чин сэтгэлээсээ дэмждэг та бүхнийхээ итгэл найдварыг амжилтаараа хариулахын тулд өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчлан, улам шаргуу хөдөлмөрлөж, хичээх болно гэдгээ илэрхийлж байна.

 


-Өөртөө итгэлтэй байна гэдэг өөрийгөө ямар хүн бэ гэдгээ танисан, мэдэрсэн хүний шинж шүү. Одоо рейтинг чинь хэдтэй байгаа вэ. Ер нь хэдийд рейтингээ хүргэх зорилготой байна?


-Сүүлийн хоёр сарын хугацаанд Олон улсын гурван ч тэмцээнд оролцлоо. Нийт 28 өргө тоглосноос нэг хожигдож, 11 тэнцэж, 16 хожил авсан байна. ФИДЕ сар бүр рейтинг боддог. Ирэх 10 дугаар сарын нэгэн гэхэд чансаа маань 2420 орчимд хүрэх болов уу. Тэгэхээр надад 80 орчим пүнкт л дутуу байгаа гэсэн үг. Хэрэв энэ эрчээрээ хэдэн тэмцээнд сайн тоглочихвол удахгүй давуулчихна гэсэн зорилго, төлөвлөгөөтэй байгаа. Өөртөө ч бас итгэлтэй байна. Учир нь 2016 онд миний чансаа 2490 хүрч байлаа. Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдын жагсаалтын 18-т бичигдэж, 20-с доош насны шилдэг 100 охидын гуравт эрэмбэлэгдэж, Дэлхийн болон Ази тивийн 16 ба 18 хүртэл насны охидын чансааг хоёр жил гаруй хугацаанд тэргүүлж байсан болохоор надад итгэл байна.

 


- Дэлхийн аварга болсоныхоо дараа “Би шатраар их хол явна. Их мастер болно” гэж их л итгэлтэй ярьж байсан чинь санаанд бууж байна?


-Амжилт гаргаад өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадсан л бол дахиад урагшлах ёстой. Тэр үед 10 настай жаахан охин байсан болохоор ирээдүйгээ тэгж л төсөөлж байсан болов уу. Миний хувьд бусдын адил бүхнийг хамгийн бага цэгээс эхэлсэн. Шатар тоглодог болоод тэмцээнд ордог болсон, медаль хүртэхсэн, насныхаа ангиллын улсынхаа аварга болохсон, тив Дэлхийн аварга цолыг эх орондоо авчирахсан гээд л өөрийнхөө зорилгыг ахиулсаар байсан. Тэр хүсэл минь л шатрын спортын оргил дээд цол болох Их мастер цолонд хүргэж байна. Нөгөөтэйгүүр би өөрөө энэ спортод үнэхээр их хайртай. Шатар бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Энэ нь надад давуу тал олгодог байх.

 

 


- Монголчууд чамайг шатрын ноён оргилд хүрлээ гэж биширцгээж байна. Үнэхээр шатрынхаа ноён оргилд хүрсэн гэж бодож байна уу?


- Ноён оргилд хүрнэ гэдэг нь харьцангуй ойлголт. Би бол зөвхөн өндөр амжилтад хүрсэн, нэртэй шатарчин болохыг мөрөөддөг бас түүнийхээ төлөө хичээж л яваа тамирчин хүн. Одоо надад тавьсан зорилгынхоо оргилд хүрэхийн тулд нүсэр их бэлтгэлээс гадна хөдөлмөр бас тэвчээр, хатуужил шаардлагатай. Их хол зам байна, 20 нас ч хүрээгүй байна. Амжилттай карьертай олон, олон жилүүд хүлээж байгаа байх гэж бодож байна.

 


-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Өрөгт урьсан буюу халз тулаанд дуудсан тамирчид байна уу?


- Төлөвлөсөн зүйлүүд их байна. Гэхдээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бас олон хүчин зүйл нөлөөлөх болохоор тоочихгүй байя. Ойрын үед халз тоглолт зохион байгуулах талаар яригдах нь яригдаж л байна. Харин ямар хэлбэрээр, хэдийд, хаана, хэнтэй гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.

 

 


- Эрэгтэйчүүдийн Их мастер болсон 37 эмэгтэй байдаг. Тэдэнтэй нүүх боломж гарч ирж байв уу?


- Тиймээ эрэгтэй Их мастер буюу / GM / хүртсэн 37 эмэгтэй шатарчид нь өөрөө хатан ширээний эзэд буюу бүх цаг үеийн шатрын түүхэнд хамгийн өндөр амжилттай яваа шилдэг шатарчид байдаг. Эдгээрээс одоо цаг үед идэвхитэй тоглож байгаа олон шатарчинтай таарч тоглож байсан. Тэдгээрээсээ жишээ авч тоглосон өргүүд, хийсэн бэлтгэл дээр нь судалгаа хийж, өөрийн бэлтгэлийг хаана нь сайжруулах, давуу болон сул тал байгаа эсэх, хаана нь илүү их ажиллах гэх мэтээр бас чиг баримжаагаа тогтоодог. Ер нь бол орчин цагийн дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдын жагсаалтад багтах олон шатарчинтай тоглож үзсэн. Хожсон өргүүдээс урам авч, хожигдсон өргүүдээс ихийг ойлгож явна.

 


- Эмэгтэйчүүдтэйгээ нэлээд “тулдаг” юм байна. Тэгвэл дэлхийд чансаагаар тэргүүлж буй эрэгтэй шатарчидтай нүүж үзсэн үү?


- Эрэгтэй тамирчидтай одоохондоо маш цөөхөн таарсан.

 

 


- Их мастер цолонд хүрэхийн тулд өмнө 5-6 цолны болзол хангадаг. Цолонд хүрэх бүрт юу бодогддог вэ. Мэдээж шунал хөдөлнө биз?


- Цолны болзол биелүүлэх гэдэг хүнд даваа байдаг. Би Их мастерын анхны нормоо 2015 онд биелүүлсэн. Харин хоёр дахь нормоо 2016 онд биелүүлсэн. Сүүлийн нормоо дөрвөн жилийн дараа ийнхүү биелүүлж чадлаа. Энэ хугацаанд гурван ч удаа нэг тэнцээ буюу 0,5 оноо дутаж байлаа. Энэ үед үнэхээр харамсах сэтгэл төрдөг. Гэхдээ шатарчид харьцангүй сэтгэл хөдлөлөө барьж сурсан хүмүүс байдаг болохоор тэр бүр мэдрэгддэггүй байх. Одоохондоо зорилго маань өндөр байгаа болохоор ханах гэсэн бодол, мэдрэмж алга. Харин зорьсон зорилгодоо хурдхан хүрэх, амжилтаа ахиулах гэсэн тэмүүлэл, хүсэл эрмэлзлийн шунал бол байнга төрдөг. Түүнээсээ тодорхой хэмжээний эрч хүч авдаг ч эсрэгээрээ алдаа гаргаж хожигдол хүлээх мөчүүд ч олон тохиолдож байсан.


- Хожил, хожигдлын аль нь илүү үнэ цэнэтэй вэ?


-Хоёулаа үнэ цэнэтэй. Ялалт урам сэргээж эрч хүч хайрладаг. Ялагдал өөрийн алдааны толь болж, ирээдүйн хожлын гүүр болдог.

 


- Өөрийн тань нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?


- Мэргэжлийн тамирчны амьдрал жирийн иргэдийнхээс өөр. Тэмцээн уралдаангүй үедээ өдөр болгон өндөр ачаалалтай найман цагийн шатрын бэлтгэл, цаг гучин минутын хөдөлгөөний болон бясалгалын дасгалууд хийдэг. Чөлөөт цаг маш баг гардаг.

 


- Унгар бол шатрын спорт өндөр хөгжсөн улс. Яаж бэлтгэлээ базааж байна вэ. Гадаадын дасгалжуулагчидтай хамтарч ажиллаж байна уу?


- Дэлхийн шатрын спортын түүхэн хөгжилд Унгар улс нь томоохон байр суурьтай, гайхалтай өв соёлтой улс. Домог болсон алдартай шатарчид цөөнгүй бий. Эмэгтэй шатарт гэхэд л Полгарын эгч дүүс гээд л. Миний хувьд хамтарч ажилладаг гадаад мэргэжлийн дасгалжуулагчтай. Мөн практик тоглолтын бэлтгэл хийдэг Их мастерууд бий.

 


- Аавыг тань шатрын мундаг дасгалжуулагч гэж сонссон. Аав тань чамд юу гэж сургадаг вэ?


- Тиймээ. Аав маань сонирхогчдын түвшиний маш хүчтэй шатарчин, шатрын дасгалжуулагч хүн. Миний дасгалжуулалтын багийг удирдана, бэлтгэлийн болон тэмцээн уралдааны бүхий л төлөвлөгөөг гаргадаг. Надад бол аав зөвлөх, дасгалжуулагч, сэтгэл зүйч, асрагч, хамгаалагч, тогооч, жолооч, орчуулагч, менежер, эмч, зарим үед лам багш. Супер аав байгаа биз.  Надад чиний хамгийн том өрсөлдөгч бол зөвхөн чи өөрөө шүү гэж багаас минь л хэлж ойлгуулсан нь миний хамгийн хэлэх дуртай үгсийн нэг болсон.

 


- Ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ. Сонголтоо хийсэн үү?


- Яг одоогоор тодорхой сонголт хийгээгүй байна. Ирээдүйд бодож төлөвлөж байгаа зүйлүүд байгаа ч нэгэнт мэргэжлийн тамирчны замналыг сонгосон юм чинь ойрын жилүүдэд спортоо л хөөнө.

 


- Дэлхийн өндөр чансаатай шатарчдыг томоохон байгууллагууд урьж ажиллуулдаг. Тийм санал ирсэн үү?


-Шатрын сургалтын / ном, видео / хичээлүүд гаргадаг онлайн борлуулт хийдэг вебсайтуудаас саналууд ирдэг. Одоогоор ichess.net компанитай хамтран мэргэжлийн шатарчдад зориулсан видео хичээл гаргахаар гэрээ хийсэн. Мөн Америк, Герман, Унгар улсын их сургуулиудаас 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах урилга ирсэн.

 


- Чи бол улс эх орны минь хойч үе, ирээдүй. Улсынхаа хөгжил цэцэглэлтэд яаж хувь нэмрээ оруулъя гэж боддог вэ?


- Спортын тамирчдын ялалт амжилт нь эх орныхоо нэр хүндийг олон улсад өргөх, өөрийн үндэстнийхээ бахархал омогшилийг төрүүлж, эв нэгдлийг бэхжүүлдэг. Энэ нь өөрөө бидний улс эх орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр юм болов уу гэж бодож байна. Залуу хүний хувьд өмнө нь ярьсанчлан хийж бүтээнэ гэж төлөвлөсөн олон зүйл байна.

 


- Өнөөгийн залуусын талаар санал бодлоо хуваалцаач?


- Би нийгмийн харилцаанаас бага зэрэг зайтай байдаг учраас энэ тал дээр олон зүйл хэлж чадахгүй л болов уу. Гэхдээ Унгар улсад суралцахаар ирсэн оюутан залуустай ярилцаж байхад тэдний чиг хандлага үзэл бодол үнэхээр гэгээлэг сайхан санагддаг. Бидэнд маш их нөөц бололцоо байна гэж ойлгон бахархал бас итгэл үнэмшил төрсөн.

 

Ярилцсанд баярлалаа.

Б.Ариун


 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.234
    Өчигдөр

    Сайн байна уу. Номин-Эрдэнэдээ халуун баяр хүргэж амжилт хүсье. Дэлхийн аварга шатарчин болоорой гэж ерөөе.

    Хариулах