Нийслэл өнгөрсөн долоо хоногт юу хийв

Б.Ариунзаяа
2019/10/19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар  сарын 14-нөөс аравдугаар сарын 18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“Азийн хотуудын орон сууцны IV форум” боллоо

 

 

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг  Улаанбаатар хотноо зохион байгууллаа. “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ны үеэр орон сууцны талаар баримталж буй бодлого ба санхүүжилтийн механизм, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх боломж ба хэрэгцээ шаардлага,төр-иргэн-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвүүдийн дор Тайланд, Вьетнам, Филиппин хотуудын төлөөллүүд, зочин улсаар Францын Парис хотын төлөөлөл оролцон илтгэлээ хэлэлцүүллээ.

 

С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ

 

 

Нийслэлийн засаг С.Амарсайхан түргэн тусламжийн төвд автомашин гардуулж өглөө. Өдөрт дунджаар 1100-1600 гаруй дуудлага хүлээн авч хотын иргэдэд хүрч үйлчилдэг Нийслэлийн түргэн тусламжийн төвд Форд загварын бүрэн тоноглогдсон гурван авто машиныг төвийн удирдлага болон жолооч нарт гардууллаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвд  хамгийн сүүлд 2015 парк шинэчлэл хийгдсэн агаад одоогийн байдлаар 81 авто машинтайгаар нийслэлийн ард иргэдэд хүрч үйлчилж байна.Хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн ард иргэдэд хамгийн ойр байж тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ирсэн нийслэлийн цагдаа, онцгой байдлын газруудад парк шинэчлэлийг хийх шаардлагатай байгаагийн дээр, нийслэлийн хот тохижилтын газарт болон ус сувгийн удирдах газрын гэр хороололын ундны ус түгээх үйлчилгээнд зориулагдсан, туулах чадвар өндөр авто машинуудыг тун удахгүй олгож, Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн автомашины  парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэхийг зорьж байна" гэв.

 

Сайжруулсан шахмал түлшний зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхөд хүргэлээ

 

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу өдөр бүр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд нь хүргэж ажиллалаа. Үлдсэн зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэгдээгүй айл өрхийн шалтгаан нөхцөлийн судалгааг дэлгэрэнгүй байдлаар нэгтгэн гаргаж байна. Ихэнх айл өрхүүд нь нүүсэн, эзэнгүй гэсэн шалтгаантай байна” гэлээ.

 

Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэнийд зочлов

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Шар хадны эцсийн буудал орчимд иргэн н.Цэнгэлтэй уулзаж, сайжруулсан түлшний талаар санал сэтгэгдлийг нь сонсох явцдаа, түүний гэрээр орж, түлшний чанар, хэрэглээний тухай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэн н.Цэнгэл автобусны буудлаас холгүй, өөрийн ах эгч нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа, очиж болно гэдгийг хэлсний дагуу, Хотын захирагч С.Амарсайхан иргэн н.Цэнгэлийн машинаар түүний ах Х.Хишигцэвэгийнд очиж, гэрийн эзнээс зөвшөөрөл авч гэрт нь зочиллоо. Үүний дараа Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг хаалттай байсан сайжруулсан түлшний борлуулалтын 161 цэг дээр очиж, борлуулагчтай нь ярилцан, түлш авахаар ирсэн иргэдэд шөнийн цагаар үйлчлэхэд анхаарч ажиллахыг уламжиллаа.

 

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа

 

 

“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан   иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов. “Буянт Ухаа-2” хорооллын зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулж, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орсон 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа

 

Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

 

 

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж  нээлтээ хийлээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн хуучин барилга 140 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 12 бүлэг, 44 багш, ажилтантай, 410 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Хуучин барилга 1957 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хорго групп” ХХК барьж гүйцэтгэжээ.

 

АТГ-ын  эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргалаа

 

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа. Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар 2018 онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан байдаг. Баянгол дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн талбай багатай, олон нийтэд зориулсан бичил цэцэрлэг цөөнтэй. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан тухайн газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшилд өгч буй юм. Тус байгууллага дээрх газарт ямар нэгэн обьект барихгүй бөгөөд, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

 

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулаад байна. Нийслэл Улаанбаатар хот ирээдүйд ямар үзэл баримтлалын хүрээнд хөгжих вэ? гэдэг асуудлаар Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагуудыг хэлэлцэж, оролцогчдоос гарсан санал, зөвлөмжийг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д тусган ажиллахаар боллоо.

 

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг даалгалаа

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах ажлын явцыг шалгалаа. Тэрбээр “Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах, өв соёл уламжлалаа эрхэмлэн нандигдаж хойч үеийнхэндээ өвлүүлэх олон ажлыг хийж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаадлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа, тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг  ашиглалтанд оруулах шаардлагатай” хэмээн холбогдох хүмүүст үүрэг даалгавар  өглөө. Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн санхүүжилтийг 2019-2021 онуудад он дамжуулан төсөвлөсөн байсныг энэ онд багтаан шийдвэрлэж ирэх арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад оруулахыг мөн даалгав.

 

Хотын Захирагч С.Амарсайхан Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад 10 хоногийн айлчлал хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг сайжруулах зорилгоор хотын стандартыг цогц болгох хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа дуулгасан юм. Тэрбээр “Орон зайн мэдээллийн ач холбогдолтой уялдуулж хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд дэд бүтцийг бий болгож хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаатай байлгах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх цаг хугацаа тодорхой байх нь чухал. Мөн төлөвлөгөөт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, иргэн аж ахуйн нэгжүүдэд ач холбогдлыг нь ойлгодог хэрэглэж хэвшихээс гадна энэ чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх туршлага солилцож ажиллахыг чухалчилж байна” гэлээ.

 

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум боллоо

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх,  албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадавхжуулах, туршлага солилцох зорилготой аж. Форумд нийслэлийн 12 харъяа агентлагийн 110 гаруй албан хаагчид оролцож байгаа бөгөөд “Азийн сангийн судалгааны дүн, баримт дүгнэлт”, “Шударга ёс ба үнэт зүйлс”, “Ёс зүйн чиг хандлага ба хариуцлага” зэрэг сэдвүүдээр илтгэл сонсч, харилцан туршлага солилцлоо. Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд ирэх арваннэгдүгээр сард нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.

 

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг аравдугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулна

 

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны А/1076 дугаар захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа" 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ аравдугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар 25 байршлын газрыг худалдана

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна