С.Чулуун оюуны хулгай хийж академич цол хүртсэн үү

Б.Ариунзаяа
2019/10/31

ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ академич С.Чулууныг  оюуны хулгай хийж, судлаачийн ёс зүйг уландаа гишгэн байж академич хэмээх цолыг авсан гэсэн нь эрдэмтдийн дунд шуугиан тариад байна. Түүнээс гадна Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтдийн төлөөлөл ч нэгдэн уг асуудлаар төрийн гурван өндөрлөгт хандаад буй. 

 

Энэ талаар ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ "ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захиралын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол судлал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Чулуун нь 2018 оны 12 дугаар сард ШУА-ийн академич хэргэмд нэр дэвшихдээ, шалгаруулах комисст тараасан албан ёсны намтар бүтээлийн жагсаалтдаа бусдын болон хамтран бичсэн бүтээлийг дан ганц өөрийн бүтээл  болгон бичиж зохиогчийн эрхийг зөрчсөн. 

 

Нийгмийн ухааны салбарт академич хэргэм хүртэх гол шалгууруудын нэг нь дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, нэгэн сэдэвт бүтээл байдаг. Тиймээс С.Чулуун дотоод гадаадад хэвлүүлсэн нэгэн сэдэвт бүтээлийнхээ тоог нэмэгдүүлж, академич хэргэм хүртэхийн тулд зориуд бусдын бүтээлийг өөрийн болгож бүтээлийн жагсаалтдаа оруулсан гэж үзэж байна. Жишээ нь:

 

  • Судлаачдын өгүүллийг эмхэтгэснээ нэгэн сэдэвт бүтээл болгож бичсэн.
  •  
  • Хурлын илтгэлүүдийг эмхэтгэснээ нэгэн сэдэвт бүтээл болгож бичсэн.
  •  
  • Редакторласан бүтээлээ нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан.
  •  
  • Архивын баримтын бусадтай хамтран эмхэтгэснээ нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан.
  •  
  • Зургийн каталоги эмхэтгэн хэвлүүлснээ нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан. 
  •  
  • Бусад эрдэмтэн судлаачидтай хамтарч эмхэтгэсэн номоо нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан 
  •  
  • Хамтран ном бичсэн хүмүүсийн нэрсийг зориуд дарагдуулж, зөвхөн дан ганцаар өөрийн бичсэн болгон бүтээлийн жагсаалтдаа оруулсан.
  •  
  • С.Чулууны бүтээлийн жагсаалтын 5 дугаарт байгаа түүх судлаачдын гарын авлага болсон Л.Дэндэвийн “Монголчуудын товч түүх”-ийг монгол бичгээс хөрвүүлж, оршил, тайлбар, нэрсийн хэлхээ хийн дахин хэвлүүлснээ өөрийн нэгэн сэдэвт бүтээл болгон бүтээлийн жагсаалтдаа оруулсан байна. 
  •  
  • Өмнөх үг, нэрсийн жагсаалтыг хийснийгээ нэгэн сэдэвт зохиол болгож бичсэн.
  •  
  • С.Чулуун бүтээлийн жагсаалтынхаа 18 дугаарт Б.Цэцэнцолмон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан “Өргөөг зорьсон англи дэслэгч: Нэгэн зууны тэртээ” номыг редакторласан хэрнээ орчуулагчийн нэрийг нь дурьдалгүй өөрийн нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан. 
  •  
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 2 дугаар бүтээл нь өгүүллийн эмхэтгэл бөгөөд С.Чулуун редакторласан. Гэвч Сборник статей буюу өгүүллийн эмхэтгэл хэмээх үгийг хасаж Т.И. Юсуповатай хамтран бичсэн ном мэт болгосон.
  •  
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 3-рт 63 хуудас бүхий монгол хэлээр хэвлэгдсэн тайланг хамтын бүтээл гэж бичсэн.
  •  
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийнхээ жагсаалтын 4-рт М.И. Клягина-Кондратьевагийн “Монголын Бурханы Шашны Соёл: Хэнтий, Хангайн Сүм, Хийдийн Судалгаа” нэртэй, монгол хэлээр хэвлэгдсэн номыг С.Чулуун өөрөө бичсэн нэгэн сэдэвт бүтээл бөгөөд англи хэлээр хэвлүүлсэн хэмээсэн байна. 
  •  
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 5-рт Кэмбрижийн их сургуулийн профессор Урадын Булагтай хамтарч эмхэтгэсэн “The Thirteenth Dalai Lama on the Run (1904-1906): Archival Documents from Mongolia” архивын материалийн эмхэтгэлийг гадаадад хэвлэгдсэн ганц сэдэвт бүтээлдээ багтаасан байна. Уг эмхэтгэлийн удиртгалыг У.Булаг дангаараа бичжээ. Энэ бүтээл бол судалгааны бүтээл биш баримт материалын эмхэтгэл тул эмхэтгэн хэвлүүлсэн бүтээл гэсэн ангилалд багтана.
  •  
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 6-рт Б. Алтангэрэл, У.Булаг, Д.Шүрхүү нартай “Trans-Continental Neighbours” бүтээлийг хамтран эмхэтгэсэн боловч нэрсүүдийг нь огт дурдаагүй. Зөвхөн өөрийн нэгэн сэдэвт бүтээл мэт бичсэн.
  •  
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 8, 9-р номд С.Чулуун зөвхөн нэг нэг хэсэг бичсэн ба хялбаршуулсан бүтээлийн хамтын зохиогч атлаа 10 гаруй хүний бүтээлийн дан ганц өөрийн бүтээл болгон жагсаалтдаа оруулсан.

 

С.Чулууны бүтээлийн жагсаалтыг нарийвчлан шүүж үзвээс, С.Чулууны өөрийн нэгэн сэдэвт бүтээл ганц байв. Түүний академич хэргэмд нэр дэвшихдээ ашигласан бүтээлийн жагсаалтыг үндэслэн зохиогчийн эрхийг зөрчсөн, хамтарсан зохиогчдынхоо нэрийг зориуд бичээгүй, эрдэм шинжилгээний өгүүлэл, эмхэтгэл зэргийг хольж нэгэн сэдэвт бүтээлийнхээ жагсаалтанд оруулсан зэрэг судлаач хүнд байж болохгүй ихээхэн зөрчлийг гаргаж, эрдэмтэн хүний ёс зүйг уландаа гишгэжээ" хэмээн ярьжээ. 

 

Харин С.Чулуун "Энэ асуудлаар би холбогдох газар нь нэр төрийн асуудлаар хандана. Хандаад эхэлчихсэн. Яг хэний захиалгаар ийм явуулга яваад байгааг би сайн мэдэхгүй. Өмнө нь 1980-аад онд ажил хийсэн хэсэг хүмүүсээ ингэж унагасан тохиолдол байдаг юм билээ. Над руу дайраад байгаа Г.Мөнх-Эрдэнэ бол надаар хичээл заалгаж байсан хүүхэд шүү дээ. Өөрөө ч надаар юу заалгаж байснаа мэднэ. Чухам ямар учраас, хэний даалгавраар ажиллаж байгааг би мэдэхгүй. Энэ дотор байгаа бүх хүмүүсийг би ажилд авсан, надтай хамт ажиллаж байсан хүмүүс л дээ. Тэр битгий хэл гадаад руу сургууль соёлд явуулж байсан юм.  Эрдэм шинжилгээний ажил хийснийх нь төлөө зарим эрдэмтдийг заналхийлсэн гэх мэдээлэл байна билээ. Энэ бол худлаа. Монголын түүхийг хэн ч бичиж болно. Гэхдээ мэргэжлийн түвшинд, өндөр ур чадвартай хүмүүс нь хийх ёстой. Би Монголын түүхийн судалгааг хаах биш дэмжиж явсан. Монгол Улсын түүх бол тоглож болдог тоглоом, наймаа биш. Бодлоготой анхааралтай, болгоомжтой хандах зүйл" гэсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна