Х.Болорчулуун: Ц.Нямдорж сайд бол Оюутолгойн "улаан" хамгаалагчдын нэг

Админ
2019/11/20

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, Оюутолгойн гэрээний талаар нэлээд нухацтай ярилцсан талаар гишүүд нь мэдээлж буй. Уг хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан талаар бид мэдээлсэн. 
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ талаар байр сууриа илэрхийлжээ. 


Тэрбээр  "Оюутолгойн гэрээний талаар МАН-ын бүлэг хаалттай хэлэлцсэн. Гишүүдийн дунд гэрээг сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай гишүүд байхад гэрээний талаар үг хэлээд ч хэрэггүй гэсэн гишүүд байдаг. Тэрний нэг нь Ц.Нямдорж. Оюутолгойн гэрээ ямар муу гэрээ болсоныг та бүхэн мэдэж байна. Гэрээг байгуулахаас 40 хоногийн өмнө ААН-ын татварын хуульд өөрчлөлт оруулж, монголд ирэх ашигийг хойшлуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

 

АМХ -иар 34 хувиа үнэгүй авах байтал өөрчлөлт оруулж, үнэтэй авахаар болчихсон. Тэр үед Ц.Нямдорж Хуульзүйн сайд нь байсан. Энэ хүн мэдээгүй байх уу. Би хардах эрхтэй хүн. Цаана маш өндөр барьцаанд орсон байж магадгүй. МАНАН бүлэглэл муу гэрээ хийсэн. С.Баярын ЗГ-ын үед Ардын нам 45 суудалтай мөртлөө АН-тай хамтарч энэ гэрээг байгуулсан. МАНАН 1 бүлэглэл гэрээг байгуулсан.   МАНАН 2 бүлэг буюу Ч.Сайханбилэгийн ЗГ  Дубайд очиж, гэрээ байгуулахдаа 2038 онд хүртэл ашгийг 2048 болж хойшлуулсан. Оюутолгойн гэрээг хэн ч цуцлахыг хүсэхгүй. Харин сайжруулж, хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэсэн л байр суурьтай байгаа юм. Ц.Нямдорж сайд бол Оюутолгойн улаан хамгаалагчдын нэг.  


Хаалттай хурал дээр сайдтай үзэл бодлын зөрөөнөөс болж хүчтэй маргалдсан. Намайг элдэв үгээр дайрч давшилсан. Гэхдээ биед нь хохирол учруулах зүйл болоогүй" гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна