“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Хятадын компаниудыг ил цагаан дэмжиж, тендер нэрээр луйвар хийж байна!

Б.Ариунзаяа
2019/12/05

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж ч амжаагүй, хэргийн холбогдогчид нь гадаад руу оргон зайлсан байх эгзэгтэй үед балгийг арилгаж, баялагийг сахих үүрэгтэй удирдлагууд нь хятадуудад найр тавьж, тендер нэрийн дор тэрбумаар нь “хусах” ажиллагаанд гаршиж сууна гэвэл итгэхүү!

 

Оросуудын “хаанчлал”-ыг зогсоож, монголчууд баялагтаа эзэн суулаа гэтэл хятадууд хамаг өрмийг хүртэж байгаа нь өнөөх тунхаглаад байгаа шударга ёс гэж үү. Төсвийн орлогоо нэмэгдүүлж, төрөө хүчирхэг болгоно гэх хөөрцөглөл зөвхөн хөөс байв уу.

 

Эрдэнэт үйлдвэрийн ихэнх тендер, бараа үйлчилгээ, худалдан авах ажиллагааг хятадын компаниуд хийдэг болжээ. Хэдийгээр тус компани өөрсдийгөө тендер болон худалдан авах ажиллагаагаа  нээлттэй явуулдаг хэмээн сурталчилдаг ч ачир дээрээ бүх тендерүүд нь нууцаар зарлагддаг, зөвхөн мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүдийн компани болоод тэдгээрийн оролцоотой гадны компани өрсөлдсөн болоод өнгөрдөгийг баримттайгаар өгүүлье.

 

Өрсөлдсөн болоод гэж тодотгож байгаагийн цаана нь Монгол улсын газар нутаг дээр монгол компани шударгаар, хуулийнхаа хүрээнд тендерт өрсөлдөөд хэн нэгний тохироотой магадгүй тендерт ялуулж өгнө гэх “амлагаатай” хятад эзэнтэй компаниудад хүчин мөхөсдсөөр байгаа "гунигт түүх" хөвөрч байна.

 

 

Өнгөрсөн тавдугаарсард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалтын ажил зарлагджээ. Бараг 100 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлын тендерийн урилга нь анхнаасаа хятадын компаниудад зориулсан техникийн нөхцөлтэйгөөр зарлагдснаас дөрвөн хятад компани, нэг монгол компани өрсөлджээ.

 

“Донхон Пайл Индастри”, “Чайна Энержи Инженеринг групп”, “China Geo Engineering corporation”, “Синохидро Корпорейшн лимитед”, “Сокол” гэсэн компаниуд үнийн санал, тендерийн баталгаа ирүүлснээс хамгийн бага үнэ ирүүлсэн гэх Jiang Guoyinзахиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК тендерийн хууль зөрчин барин шалгарчээ.

 

Тодруулбал “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийн үнийн санал, тендерийн баталгаа, албан мэдэгдлүүд нь хавсаргаагүй, задгай иржээ. Өөрөөр хэлбэл хамгийн нууц байх ёстой мэдээллүүд нь задгай ирж. Хэрвээ тендер шалгаруулалтын явцад тус компанийг илт хууль бус үйлдэл гарсныг тогтоосон бол тендерээс татгалзах байж. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн тендерийн хороо дээрх хууль бус ажиллагааг  үл огоорч “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-д  “ялалтыг өгчээ”.

 

 Уг хууль бус тендер шалгаруулалтын талаар “Чайна Энержи Инженеринг групп”, “Сокол” ХХК-ниуд Сангийн яаманд гомдол мэдүүлжээ.

 

Сангийн яам уг гомдлыг хянаж үзээд “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийн үнийн санал, тендерийн баталгаа, албан мэдэгдлүүд нь хавсаргаагүй, задгай ирсэн зөрчилтэй, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар шаардлага хангаагүй учир хүчингүй болгосон байна.

 

 

Ингээд хууль бус тендерийг хүчингүй болсон тул дахин зарлажээ. Гэтэл “Синохидро Корпорейшн лимитед” ХХК Монгол төр, хуулийг басамжилж буй мэт дахин оролцохдоо тендерийн баталгааг бас л дутуу ирүүлжээ. Бүр доромжилсон хэрэг нь Эрдэнэт үйлдвэр ийнхүү хоёр удаагийн тендерээс хасагдсан “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-нд урилга өгч шууд гэрээ байгуулсан байна.

 

Эрдэнэт үйлдвэрийн тендерийг захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар байгуулагдсан Тендерийн хороо шалгаруулдаг. Тендерийн хороог Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Т.Батмөнх удирддаг.

 

Тэгэхээр тус хороонд хятад компаний гар хөл эсвэл тендерт танай компанийг заавал ялуулна гэх үүрэг хүлээсэн, авлига авсан албан тушаалтнууд байна уу хэмээн  хардах үндэслэл баримт нотолгоо байна!

 

Ер нь Эрдэнэт үйлдвэрийн ихэнх тендерт хятад эзэнтэй компаниуд шалгардаг болсон талаарх мэдээлэл мэр сэр гарсаар ирсэн. Энэ удаагийнх шиг улаан цагаандаа гарч, луйвардсан тендер өнгөрсөн хугацаанд хэд зарлагдаж, хэдэн компанийг луйвардаж, тэдгээр компанид ажиллах монгол ажилчдын ар гэрийнхийг хохироосныг тааварлашгүй. Нэг удаагийн улаан цагаан үйлдэл нэлээд хэдэн хуудуутай үйлдэл дагуулж байгаа нь лавтай биз.

 

 

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна