Э.Бат-Үүлийн шүүх хуралд З.Энхболд ӨӨРИЙН БИЕЭР очно гэсэн ч ИРСЭНГҮЙ

Админ
2020/01/14


Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэх зөрчлийн хэргийг хэлэлцэх байсан. 
Шүүх хурлын эхэнд ЕТГ-ын дарга З.Энхболд уг шүүх хуралд өөрийн биеэр оролцоно гэдэг хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Гэвч өөрийн биеэр оролцохоо мэдэгдсэн ЕТГ-ын дарга З.Энхболд тус шүүх хуралд ирээгүй байна. Мөн Э.Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал хойшилсон байна. 


Энэ талаар Э.Бат-Үүл “Би энэ хэргийг шүүж байгаа Ерөнхий шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хангаж шийдвэрлэлээ. Долоо хоногийн өмнө ЕТГ-ын дарга З.Энхболд би энэ шүүх хуралд биечлэн оролцоно. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлтээ гаргаж 7 хоногоор хойшлуулж байсан. Ингээд өнөөдөр 09.00 цагаас хурал эхэлтэл З.Энхболд тодорхой шалтгаангүйгээр ирсэнгүй. Иймд би ЕТГ-ын аяар шүүх хурлыг явуулж болохгүй гэдгийг би хэлээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан. Уг нь бол З.Энхболд шүүх хуралд биечлэн оролцохоо илэрхийлж хойшлуулсан учраас өнөөдөр түүнийг шүүхээс албадан авчирч шүүхэд оролцуулах ёстой байсан” хэмээн мэдэгдсэн байна.


 Хэргийг сануулбал, 2019 оны зургадугаар сард Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэлээрээ миний ажил хэргийн нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн ЕТГ-ын дарга З.Энхболд цагдаагийн байгууллагад өргөдөл гарган Э.Бат-Үүлийг дөрвөн сая төгрөгөөр торгуулж байсан юм. Харин НЗД асан Э.Бат-Үүл цагдаагийн шийтгэврийг үндэслэлгүй хэмээн торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  № 862 шийдвэрээр  “Э.Бат-Үүлд шийтгэл оногдуулахдаа процессын ноцтой алдаа гаргасан. Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдоогүй” хэмээн үзэж, цагдаагийн шийтгэврийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан билээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна