Ухань хот дахь Монгол иргэдийг авчрах онгоц нисээгүй байна

Админ
2020/01/28

Засгийн газар энэ сарын 26-нд БНХАУ-ын Ухань хот буюу коронавирусийн шинэ халдварын голомтод буй 31 монгол иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан. Үүний дагуу өчигдөр 11.00 цагт манай улсаас МИАТ компанийн онгоцыг нисгэхээр төлөвлөсөн ч БНХАУ-ын халдварын голомт руу нэвтрүүлэхгүй гэсний улмаас өчигдөр онгоцоо нисгэж чадаагүй байна.


Манай улсын Засгийн газраас БНХАУ-ын талтай холбоо тогтоож, иргэдээ эх оронд нь авчрах өөр ямар арга байгааг судалж буй аж. Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын тал тэдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж байж явуулна гэх хариултыг өгсөн байна. 


Ухань хотод хөл хорионд орсон нэгэн монгол оюутан “Би сургуулийнхаа дотуур байранд байрлаж, гадагшаа огт гарахгүй байна. Энд байгаа монголчууд ч тус тусын байрандаа хөл хорионд орсон. Хүнс, цэвэр усны нөөц дуусаж буй. Анх хэдэн ширхэг амны хаалт худалдаж авсан. Түүнийгээ л хэрэглэж байна. Мөн зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн хүнс ховордлоо.

 

Уханьд амьдарч буй иргэдийг хариуцсан хүмүүс биднийг Монгол руу авч явах талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй. Бусад улс орон иргэдээ авч байгаа. Гадуур өвчлөл ямар байгааг мэдэхгүй ч бүх зүйл хорионд орсон” гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна