Ээлжит бус чуулганаар АТГ, ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Админ
2019/03/07

Улсын Их Хурал даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-29-нд хуралдуулахаар тогтсон. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна хэд хэдэн томилгоог хэлэлцэх аж. Учир нь Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, АТГ-ын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг ирүүлжээ. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна