Ч.САЙХАНБИЛЭГ: ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ОЛЖ ИРСЭН ЗАЛУУСТ ЗОРИУЛЖ ХѲШѲѲ БОСГОНО ГЭДЭГТ ЭРГЭЛЗДЭГГҮЙ

Админ
2019/03/13

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудал шүүх цагдаа дээрээ тулсаар даруй жил өнгөрчээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус хувьцааг худалдаж авахдаа хэрхэн мөнгө босгосон талаарх схем болон тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосоноор энэ асуудал хүчээ авч “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны  удирдлагууд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг шалгаж, тухайн үеийн зарим сайд өндөр албан тушаалтнууд АТГ мэдүүлэг өгөөд байна. Энэ хугацаанд тус шийдвэрийг гаргасан Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин өчигдөр “Улаан бал” нэвтрүүлгээр өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийллээ.  Ингээд түүний Эрдэнэтийн 49 хувийн хувьцааны талаар ярьсан ярианаас товч ишлэл болгон хүргэж байна.

 

  • Эрдэнэтийн луйвар гэж сүүлийн үед ярьж байна. Монгол улс 51 хувь эзэмшдэг байсан одоо 100 хувь боллоо. Хэн хэнийг луйвардсан юм бэ. Монголын компаниуд оросын компанийг луйвардсан юм уу.
  •  
  • 2016 оны 6 сар хүртэл УИХ, Засгийн газрын нэг ч гишүүн Эрдэнэтийн 49 хувийг Монгол улсад өгөх ёстой гэсэн яриа хэлцэл хийж байгаагүй. Өнөөдөр УБТЗ ХННийн 50 хувийг Монгол руу оруулж ирье гэсэн хүн байна уу.
  •  
  • 2016 оны 6 сард  “Монголиан коппер корпорэйшн” компанийн төлөөллүүд ирээд Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг Монголд авчирах боломж бүрдлээ. ЗГ энэ шийдвэрийг дэмжиж өгөөч гэсэн. Миний оронд байсан ямар ч монгол хүн үүнийг зөвшөөрөх л байсан.
  •  
  •  “Ростех” компани танай ЗГ болон бусад төрийн өмчийн компанитай 49 хувийн хувьцааг зарах талаар өмнө нь хэлэлцээр хийж байгаагүй. Цаашид ч хийхгүй. Гэхдээ “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцэл хийхэд бэлэн байна гэсэн утгатай захиа ирүүлсэн.
  •  
  • “Ростех” 49 хувийн хувьцаагаа “Монголиан коппер корпорэйшн” компанид л зарна. Үгүй бол эндээ л байг гэсэн.
  •  
  • Ер нь хэзээ байтлаа Монгол улсад сонголт байдаг байлаа. Сонголт байсан бол аль хэзээний Эгийн голын УЦС баригдчихсан, Монгол Улсаар дамжаад хийн хоолой явчихсан, төмөр замаа барьчихсан л байгаа. Юун УИХд оруулах,  юун ЗГ мөнгө босгох...
  •  
  • Өнөөдөр надаас 2016 онд Эрдэнэт үйлдвэр 100 хувь монголынх байх боломжтой байсан юм билээ шдэ, Монгол залуучууд тэр  хувьцааг олж ирж чадаж байхад яагаад дэмжээгүй юм бэ гээд асуувал хариулж чадахгүй байх байсан болов уу.
  •  
  • Миний оронд байсан ямар ч монгол хүн ийм шийдвэр гаргах байсан гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.   
  •  
  • Төрийн ордонд Ерөнхий сайд нарын зураг байдаг даа. Би өөрийнхөө зураг дээр хоёр зүйл нэмж зуруулсан. Түүний нэг нь Эрдэнэт үйлдвэр дээр монголын төрийн далбаа ганцаараа мандаж байгаа. Яагаад гэвэл миний толгойлсон ЗГ энэ шийдвэрийг гаргасан болохоор тэр.
  •  
  • Эрдэнэтийн 49 хувийн хувьцаа монголынх болсон гэх мэдээллийг сонгуулийн дараа мэдэгдэнэ гэж тооцоолж байсан боловч МАХН-ын гурван гишүүн сонгуулийн өмнөх энэ талаар мэдээлэл хийчихсэн. Тиймээс ЗГ энэ талаар тайлбар хийхээс өөр аргагүйд хүрсэн.
  •  
  • Засгийн газрын гаргасан шийдвэрийг ЗГ өөрөө өөрчилж болно. Мөн УИХ өөрчлөх эрхтэй гэж хуульдаа заасан. Тиймээс Эрдэнэт асуудал дээр ЗГ-аас таван зүйлтэй тогтоол гаргасан.  Тогтоолын дөрөвдүгээрт энэ асуудлыг дараа нь ЗГ, УИХд танилцуул гэж тусгасан. Тиймээс  хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй.
  •  
  • АН-ын толгойлсон УИХ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь монголд орж ирж байгаа юм байна гэдэг итгэл үнэмшилээр дэмжээд явах байсан. Харин МАН-ын олонх болсон УИХ үүнийг монголын тал гэж хүлээж авахгүй байна. Төрийн өмч болж байж монголынх болдог юм санаж байна.
  •  
  • Аманд орж ирсэн шар тосыг дараа нь улс төр үүснэ, хэрэгт орж магадгүй гээд хэлээрээ түлхэх байсан юм уу.
  •  
  • Одоо үнэхээр ЗГ, УИХ нь 49 хувийг төрдөө авъя гэж бодож байвал 400 сая долларыг нь төлөх ёстой. Засгийн газар өөрөө хаанаас мөнгө босгох талаараа схем зурах ёстой.
  •  
  •  Нэг жишээ татъя. Нэг иргэн ЖДҮС-гаас зээл авъя гэж бодлоо. Миний үед зээлээ банкнаас авдаг байсан. Тухайн банк нь төсвөөс мөнгө авч таарна. Гэтэл ЗГ нь энэ мөнгө чинь манайх  учраас бид танай ЖДҮ-ийг чинь нийгэмчилнэ гэж ярьж болох уу. Болохгүй шүү дээ.  
  •  
  • Дараа нь ОХУ-аас хувьцаа авъя гэвэл энэ их зүйлээс айгаад чадахгүй нь л дээ.
  •  
  • Манай Засгийн газар Монголдоо туслаж, Эрдэнэтийн 49 хувийн хувьцаа монголынх болсон юм.
  •  
  • Нэг зүйлд баярлаж явдаг. Манай ЗГ-ын сайдуудын нэг нь ч 49 хувь монголд орж ирэх хэрэггүй гэж хэлээгүй. Бид бүгдээрээ хэцүү шийдвэрийг гаргаж чадсан.
  •  
  • Эрдэнэт үйлдвэр хэзээ нэг өдөр ОХУ-д байсан 49 хувийн хувьцааг олж ирсэн монгол залуучуудад  зориулж хөшөө босгоно гэдэг эргэлзэхгүй байна. Төр засгийн хийж чадаагүй ажлыг тэд хийсэн.
  •  
  • Энэ асуудлыг өнөөдрийн хүмүүс ойлгохгүй байж магадгүй, маргаашийн бидний үр хүүхдүүд ойлгоно. Би тэгж бодож энэ шийдвэрийг гаргасан.
  •  
  • Харь улсад байсан 49 хувь монголынх болсон шийдвэр хэзээ ч буруудахгүй.
  •  
  • Хэн нь илүү булчинтайгаа харуулахаас илүү ширээний ард суугаад асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэдгээ ярих ёстой. Монголын эрх ашгийн асуудал шүү дээ.
     

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна