Х.ЭНХЖАРГАЛ, М.БАТСУУРЬ НАР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХГҮЙ, ЮУНД НАЙДАВ?

Админ
2019/03/29


Зөөлөн суудалдаа тэсэж үлдэхгүйгээ ойлгосон Ц.Зориг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогчГ.Эрдэнэбатнар цаг үеэ мэдэрсэнгүй, заавал огцруулах зарлиг хүлээв. 


Одоо Х.Энхжаргал, М.Батсуурь нар үлдлээ. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувь, Багануурын уурхайн лицензтэй холбоотой маргаанд үргэлж нэр холбогдсоор ирсэн, УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь уг асуудлаар өөрийгөө шалгуулна хэмээн АТГ-т хандаад байгаа. Түрийвч нэгтэй Х.Энхжаргалаар өөрийгөө шалгуулах юм гэнэ. Нэг эзний хоёр хамгаалагч нөгөөгөө яаж шалгана гэж? Захиргааны хэрэгтэй холбоотой бүх гомдол явсаар УДШ-ийн Захиргааны танхимд ирдэг. Энэ танхимын тэргүүн нь М.Батсуурь учраас бүх шүүх хурлыг даргалдаг. Тиймээс “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувьтай холбоотой шүүх хуралд М.Батсуурь албан тушаал, ажил үүргийн хуваарийн дагуу ордог. Тиймээс М.Батсуурийг хардах хэрэггүй” гэсэн бичиг Х.Энхжаргал хийж өгөх байх л даа. Тэглээ гээд тэр цаасанд нь хэн итгэх вэ?


М.Батсуурь захиргааны хэргийн ганцхан шүүгч биш. Өөр олон шүүгч бий. Тэр үнэхээр ХХБ-ны талд үйлчилдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй юм бол “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувьтай холбоотой шүүх хуралд орохгүй байхад л болох байв. Орох ч ёсгүй байсан юм. Тэгвэл шударга болох байлаа. Гэтэл тэр орсон. Өөрийг нь хардсаар байхад тэр шүүх хурлыг удирдсан. Эндээс юу харагдсан бэ гэвэл М.Батсуурь шүүгч эзэндээ үйлчилсэн. Бусад шүүгч түүний эзэнд үйлчлэхгүй учраас тэр өөрөө тэрхүү шүүх хуралд оролцсон гэж л харагдсан. 


Энэ шүүх хуралд орсныхоо төлөө тэр огцрох өргөдлөө өгөх учиртай. Шударга ёс одоо үүнийг л шаардаж байна.  Х.Энхжаргал харин УИХ-ын гишүүдэд найдаад байх шиг. Манай парламентын гишүүд энхийн цагаан тагтаанууд биш болохоор Х.Энхжаргалд тэднийг барьцаалах, шантаажлах юм бишгүй л бий байх. АТГ-ын даргын суудалд гурван жил шахам тухлахдаа тэр эрхэм гишүүдийн шүдийг хүртэл тоолоод амжсан нь гарцаагүй. Түүгээрээ шантаажлаад үлдчихнэ гэж тооцсон хэрэг. УИХ-ын гишүүдийн хэн нь Х.Энхжаргалд барьцаалагдсаныг олон нийт удахгүй харах биз ээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна