Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна

Админ
2022/10/06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг ТОВЧЛОН хүргэж байна.

 
Л.Оюун-Эрдэнэ:


- Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хоёрдахь удаа улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд танилцуулж байна.
 
 - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагууд манай улсыг цаг алдалгүй дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж чадсанаар 40 гаруй мянган хүний амь насыг болзошгүй эрдлээс хамгаалсан төдийгүй энгийн амьдралын хэмнэлд шилжиж, эдийн засгаа нээсэн олон улсын загвар улс орнуудын нэг болсныг онцлон тэмдэглэсээр байна.
 
- 2022 оны улсын төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хугацааны нийт хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн.

- Аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн ажлын байрыг хадгалах 3 хувийн хүүтэй зээл болон иргэд аж ахуйн нэгжүүдийн дулаан цахилгааны төлбөрийг төрөөс хариуцаж, хүүхдийн мөнгө нэмэгдүүлсэн бодлогууд ч цар тахлын сорилтыг даван туулахад чухал түлхэц болсон. 
 
- 2022 оны төсвийн төслийг боловсруулж байсан цар тахлын цаг үед Монгол Улсын эдийн засаг -5.3 хувиар унасан байсан бол энэ оны эцэс гэхэд гурван хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна.
 


 
- 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.
 
- Олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байна.
 
- Дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жил байгаагүй үнийн өндөр савалт үүсэж байна. Бид нэгдмэл бодлоготой байж чадвал цар тахлын хүндрэлийг давж чадсан шиг, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй энэхүү сорилтыг ч даван туулж чадна.
 
- 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна.
 
- Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.
 
- 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
 
- Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.
 
- Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!
 
- Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажил амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна.
 
Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхижиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхитэй татах боломжууд нэмэгдэнэ.
 
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ.
 
Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ.
 
Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог халж, цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ.
 
- Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх нөхцөл энэхүү реформын хүрээнд бүрдэнэ.
 
- Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
 

- Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гуравдахь том салбар юм.
 
- Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна.
 
Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе! 
 
Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. 
 
Орон  нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн  зохион байгуулна.
 
Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
 
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. 

Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
 
- Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих болно.
 
- Өмнө нь ажилласан аймаг, дүүргүүдийн удирдлага болон иргэдийн эрэмбэлсэн төслийн 70 гаруй хувь нь зураг төсөвгүй байна.  Тиймээс эдгээр ажлын бэлтгэлийг хангах, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт бүрэн тусгаж, төслүүдийн жагсаалтыг хавсралтаар батлуулахаар өргөн барив.

 
- Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.
 
- Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.
 
- 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм.
 
- Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм.
 
- Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч байна.
 
- Ирэх 2023 онд цахим гарын үсгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, төрийн үйлчилгээний “И Монгол” цонхоор дамжин цахим шуудангаар төр иргэдтэйгээ шууд харилцдаг болно. 
 
- 2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байна.
 
- Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе.
 
- Сүүлийн хагас жилийн хугацаанд Хөгжлийн банкинд үүссэн эргэн төлөгдөөгүй зээлээс 766.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Цаашид оны эцэс гэхэд нийт нэг их наяд төгрөгийг эргэн төлүүлэх болно.
 
- Ингэснээр улсын төсөвт өрийн дарамт учрах эрсдэл үүсгээд байсан 2013 онд гаргасан “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 орчим сая ам.долларын өрийг Хөгжлийн банк бие даан төлөх боломж бүрдэж байна. 
 
- Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын ирмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй ээ!


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.247.102.58
    2022/10/07

    “ Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч…” маш зүйтэй. УИХ гишүүд жил бүр 4 тэрбум төгрөг өөрсдөө л халаасладаг. Тойрогтоо юу ч хийдэггүй. Тэгсэн дорвол станц барьсан дээр зүйтэй.

    Хариулах