​ТОВЧ МЭДЭЭ: Өнөөдрийн онцлох МЭДЭГДЛҮҮД

Б.Ариунзаяа
2023/02/01

Өнөөдрийн онцлох МЭДЭГДЛҮҮД-ийг товчоор хүргэж байна. 


УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:  УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна

- Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан ч буруутан гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлжээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байна.


ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР: Жорж Чен төрийн зарим албан тушаалтан руу дарамталсан мэйл явуулсан

- Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэсэн албан бичгийг ирэх нэг дэх өдөр Facebook компани руу явуулах гэж байгаа. Тэр хүн надтай өнгөрсөн есдүгээр сард уулзсан. Уулзаад хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гэсэн. Арванэгдүгээр ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Намайг худалч гэж хэлсэн нь хамаагүй. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл. Жорж Чен манай улсын төрийн зарим албан тушаалтан руу дарамталсан мэйл явуулсан байсан. 


Койны ХОХИРОГЧ:  140 гаруй сая төгрөгөөр IHC койн авсан

- Би 2022 оны аравдугаар сараас IHC койн аваад 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Миний 140 саяар авсан койн тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Гэтэл дахиад хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон. Ингээд би цагдаагийн байгууллагат хандсан. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл тавиад авсан. Над шиг хохирсон ах дүү, хамаатан садан, ажлын газрынхан гээд маш олон хүмүүс байгаа. 


Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.СЭРГЭЛЭНБААТАР: Сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн

- Одоогийн байдлаар 12 крипто биржээр дамжуулан 37 койн арилжаалагдаж байна. Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс койн, токен бусдад санал болгоод хөрөнгө босгосон этгээдүүдтэй холбоотой дөрвөн хэрэг байгаа бол дийлэнхийг буюу 430 нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт 2021 онд 81 хэрэг, 2022 онд 371 2023 оонд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн. 


Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа С.ТАЙВАН:  Иргэд "FT group" рүү 650 мянгаас 180 сая хүртэлх мөнгө хийсэн

- Сүүлийн долоо хоногийн хугацаанд манай тасагт крипто валютын цахим хэтэвчнээсээ мөнгө алдсан гэх шалтгаантай 12 дуудлага ирсэн. Хохирлын хэмжээ нь 300 гаруй сая төгрөг. Гэмт хэрэг үйлдэхдээ "Фишинг" хортой холбоос буюу тухайн хэрэглэгчийн групп дээр койны нэрийг нь бичээд "урамшуулал зарлалаа, та нэр, мэдээллээ оруулж шагналаа баталгаажуулна уу" гэх хэлбэрээр нууц үгийг нь аваад койныг нь хулгайлж байна. Мөн "FT group"-тэй холбоотой мэдээлэл их ирж байна. Нэгдүгээр сарын 26-наас эхлээд 226 иргэнээс хохирогч, гэрчийн мэдүүлэг аваад, ажлын хэсэг байгуулаад явж байна. Онлайн худалдаанд хөрөнгө оруулах иргэд 650 мянгаас 180 сая хүртэлх мөнгө хийсэн. Гэтэл долоо хоногийн өмнө апплэйкшнээ устгаад ямар ч мэдээлэлгүй болгосон.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН: Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно

- Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын үнэтэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг. Төрийн өмчийн сургуулиуд энэ долоо хоногоос эхлэн зургаан сар хүртэл хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын "Eduten" платформыг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол есдүгээр сараас улс даяар 5-6 дугаар ангийн хүүхдүүдэд уг шилдэг платформыг хэрэглэнэ. Мөн Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний платформыг нэвтрүүлнэ.  Цаашид гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно. 


БХБ-ын сайд Ц.ДАВААСҮРЭН: Дарханы арьс, ширний үйлдвэр баригдчих юм бол Zara зэрэг дэлхийн компаниуд манай улсын арьс ширийг булаацалдаад л авна

- Арьсны үнэ унаад хог болж байгаа нь үнэн. Манай дотоодын арьс ширний үйлдвэрүүд үнэгүй арьс авахыг л бодож байна. Хэрэв Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орвол арьс шир үнэд орно. Хөдөөгийн малчид орлоготой болно. Үнэтэй арьсыг 1990-ээд оноос гадна дотны нөлөөлөөр, бодлогоор унагасан. Одоо ч үйлдвэр барих гэхээр нөлөөлсөөр байна. Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бодлогоор зогсоох үйл ажиллагаа явж байна гэж би харж байна. Дарханы арьс, ширний үйлдвэр баригдчих юм бол Zara зэрэг дэлхийн компаниуд манай улсын арьс ширийг булаацалдаад л авна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.29
    2023/02/01

    Эрхэм монгол ах дүү нараа! Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэдэг энгиын хирнээ маш үнэн үг байдгиыг ямагт санаач! Койн анхнаасаа ямарч баталгаагүйхов хоосон зохиосон япон гэгч нь ч нэр нь мэдэгдэхгүй зүйл гэднийг бүх шатанд мэдээлж байсан шүү дэ!

    Хариулах