Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан “Алтай” констракшны Х.Бат-Эрдэнэ ЖДҮС-аас авсан 10 тэрбум төгрөгөө төлөөгүй байна

Б.Ариунзаяа
2023/04/25

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралд улс төрийн томчуудаас эхлээд бизнесийн хүрээнийхэн шүүгдэгчээр оролцож буй. Тэдний нэг нь “Алтай Констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” ХХК –аараа дамжуулан “Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр” барина хэмээн Хөгжлийн банкнаас 42.6 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд нь “Меланж” гэх компанийн уурхайг тавьсан байдаг. Гэвч “Монгол драй милкХХК-ийн зээлийн хугацаа дууссан ч өрөө төлөхгүй байхын сацуу, нэг хувийн ч гүйцэтгэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл “Алтай Констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ бол Хөгжлийн банкнаас тэрбум тэрбумаар нь авчихаад зээлээ төлөхгүй гүрийж буй эрхмүүдийн нэг юм. Өдгөө түүний авсан зээл нь хүүтэйгээ нийлээд 22 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 77 тэрбум төгрөгт хүрчээ. 

Гэвч түүний балаг үүгээр дууссангүй. Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл ил болсон. Тус сангаас өнгөрсөн хугацаанд 269 тэрбум төгрөгийн зээл олгосон ч өнөөдрийн байдлаар 220 тэрбумын зээл нь төлөгдөөгүй байна.  Тэдний нэг  “Алтай Констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ. 

Тэрбээр өөрийн хамаарал бүхий 5 компаниараа  дамжуулан тус сангаас тус бүр нь 2 тэрбум төгрөг зээл авчээ. “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК зэрэг компаниудаараа нийт 10 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг хүртэл ганц ч төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Харин Х.Бат-Эрдэнэд ЖДҮС-аас зээл авахад нь нөлөөлсөн албан тушаалтан нь ял сонсжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нд шийдвэрлэсэн байдаг. Тэрбээр, “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК тус бүрт хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэх хэргээр нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасах, 13 сая төгрөгөөр торгох ял авч байжээ. 

Хэдэн жилийн өмнө ЖДҮС-ийн зээл олны анхааралд өртөж, ганц нэг улстөрчид авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлсөн. Зарим нэг албан тушаалтнууд нь ял сонссон. Гэвч нөхцөл байдал сайжраагүй байна. Тус сангаас өндөр хэмжээний зээл авсан компаниуд өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байсаар байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.229
    2023/04/25

    Эрлийз Мие, хулгайч Бадамжунай нарын суганы үс энэ лаларт шударгаар бизнес хийж байсан түүх байхгүй дээ.

    Хариулах
  • 64.119.20.221
    2023/04/25

    хөрөнгийг нь хурааж шоронд нь явуулаач ээ.хогийн луйварчид сөнөтүгэй

    Хариулах
  • 202.126.89.73
    2023/04/25

    Хөдөөний бацаан ямар хөрөнгөгүй, нул халгай-дээрэм. Хамаг хөрөнгийг нь улс ав!

    Хариулах