Туркийн агуйд гацсан Америкийн судлаачийг аварчээ

Б.Ариунзаяа
2023/09/12

ВАШИНГТОН. /CNN/. Энэ сарын эхээр Туркийн өмнөд нутгийн Анамур хотын ойролцоох агуйд олон зуун метрийн гүнд гацаад байсан Америкийн агуй судлаач Марк Дикийг аварчээ.

“Марк Дики аврагчийн тусламжтайгаар агуйгаас гарч ирлээ. Түүний биеийн байдал сайн харагдаж байсан. Одоо түүнийг Мерсин хотын эмнэлэг рүү нисдэг тэргээр авч явна” гэж Туркийн Онцгой байдлын газрын төлөөлөгч Режеп Салки мэдээлсэн байна.

Агуйн ойролцоо барьсан эмнэлгийн асарт ярилцлага өгөх үеэрээ М.Дики, “эргээд газар дээр гарч ирэх сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Түүнчлэн амь насыг нь ямар ч асуулт асуухгүйгээр аварсан аврагчид, Туркийн Засгийн газарт талархал илэрхийлээд, эрүүл мэндийн гэнэтийн асуудлын улмаас газар доор тооцоолсноосоо удаан байхаас аргагүйд хүрсэн тухайгаа ярилаа.

Туркийн Агуй судлалын холбооноос мэдээлснээр, М.Дики Морка хөндий дэх Морка агуй дотор 1276 метрийн гүнд байхдаа ходоод гэдэсний цус алдалтын улмаас бие нь муудаж, гарч чадахгүй гацсан байна. Тэрбээр ийн агуйгаас гарч чадахгүй байгаа тухай дуудлага Европын Агуйн аврагчдын холбоонд /ECRA/ есдүгээр сарын 2-нд иржээ. 

Улмаар 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон улсын аврах ажиллагаа бямба гарагт эхэлсэн байна. Ажиллагааны үеэр агуйг долоон хэсэгт хувааж, АНУ, Унгар, Польш, Румын, Украин, Турк зэрэг орны аврах багууд янз бүрийн гүнд үүрэг гүйцэтгэхээр төлөвлөсөн гэж “ECRA” мэдээлжээ.

М.Дикигийн үүсгэн байгуулсан агуй судлаачдын ашгийн бус байгууллага болох "Caving Academy"-гийн цахим хуудсанд мэдээлснээр, тэрбээр Үндэсний агуйн аврагчдын комисст зааварлагчаар ажилладаг байна. Мөн Европын Агуйн аврагчдын холбоонд эмнэлгийн комиссын нарийн бичгийн дарга, "Caving Academy"-гийн гүйцэтгэх захирал ажээ. 1990-ээд оноос эхлэн агуй судалж эхэлсэн тэрбээр АНУ-ын 20 муж улс, мөн өөр 10  улсад агуйн судалгаа хийжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна