“Apple” компани “iPhone 15” гар утаснуудаа танилцууллаа

Админ
2023/09/13

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн “Apple” компани жил бүрийн есдүгээр сард уламжлал ёсоор зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнийхээ үеэр “iPhone 15” ухаалаг гар утаснуудаа бусад томоохон шинэчлэлтүүдийн хамтаар танилцууллаа.

Тус компани “iPhone 15” загваруудаа “USB-C” цэнэглэх оролттой болж байгааг зарласан нь чухал алхам боллоо. Энэхүү өөрчлөлт нь янз бүрийн төхөөрөмж, өөр өөр брэндүүдийн бүтээгдэхүүнийг цэнэглэх үйл явцыг хялбаршуулах зорилготой юм.

“Apple” мөн шинэ өнгөний сонголт, дохио зангаагаар удирдах зэрэг функцүүд бүхий “Apple Watch Series 9”, “Ultra 2” ухаалаг цагнууд болон “AirPods Pro” утасгүй чихэвчний шинэ хувилбараа танилцуулсан нь мөн л “USB-C” цэнэглэгчтэй байлаа.

Тус компани хэрэглэгчдэдээ гар утсаа шинэчлэх олон шалтгааныг бий болгохыг эрмэлзэж байгаатай холбоотойгоор “iPhone” ухаалаг гар утасныхаа шинэ загваруудад цэнэглэгчийн оролт, загвар дизайн, камерын систем зэрэгт өөрчлөлтүүдийг хийжээ.

Өнгөрсөн сард “Apple”-ийн борлуулалт гурав дахь улиралдаа дараалан буурсан юм. Хэрэглэгчид гар утсаа байнга шинэчлэхгүй байгаагаас шалтгаалан тухайн улиралд “iPhone”-ын орлого 39.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс ойролцоогоор 2 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Мягмар гарагт “Apple” шинэ “iPhone 15” гар утаснуудынхаа үнийг өсгөхгүй байхаар шийдсэнээ мэдэгдсэн нь хэрэглэгчдэд төхөөрөмжөө шинэчлэн сайжруулахад түлхэц болж магадгүй байна.

iPhone 15”, “iPhone 15 Plus” 

“iPhone 15”, “iPhone 15 Plus” загваруудын хувьд “А16 Bionic” чиптэй, 6.1, 6.7 инчийн “Super Retina XDR” дэлгэцтэй, хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголттойгоос гадна, “USB-C” цэнэглэх оролттой, 48 мегапикселийн үндсэн камертай байна. Үнийн хувьд тус тус 799, 899 ам.долларын үнэтэй байх ажээ.

iPhone 15 Pro”, “iPhone 15 Pro Max”

Харин “iPhone 15 Pro”, “iPhone 15 Pro Max” гар утаснууд нь титан хүрээ, хар титан, цагаан титан, цэнхэр титан, байгалийн титан гэсэн өнгөнүүдтэй, “A17 Pro” чиптэй, 6.1, 6.7 инчийн дэлгэцтэй, 24 мм, 28 мм, 35 мм-ийн фокуслах зай бүхий 48 мегапикселийн камертай, зураг боловсруулах шинэ алгоритмуудтай болжээ. Үнийн хувьд 999, 1199 ам.доллар байна.

Шинэ гар утаснуудын урьдчилсан захиалга есдүгээр сарын 15-наас эхэлж, 22-ноос худалдаанд гарна.

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна