Баянгол дүүрэгт автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, тооллого явагдаж байна

Админ
2023/06/18

Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал энэ оны гуравдугаар сарын 3-нд гарч, улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Дээрх хамтарсан тушаалын хүрээнд Нийслэл, дүүргийн  Засаг даргын  захирамж гарснаар иргэдийн эзэмшилд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, тооллогыг зохион байгуулах ажлыг Баянгол дүүрэгт зургаадугаар сарын 14-өөс 28-ны өдрүүдэд явуулахаар  болж, Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын оролцогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Ариунтөгс нар хороодын Засаг дарга нар болон холбогдох алба хаагчдад мэдээлэл өглөө.


Дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Хороодын Засаг дарга нар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ирүүлсэн жагсаалтад тусгасан, сүүлийн 1-4 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдийн шинэчилсэн бүртгэл, тооллогод бүрэн хамруулах, Ажлын хэсгийг ажиллах нөхцөл боломжоор хангах, шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргаж өгөхөд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.   

Мөн дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Ариунтөгс “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргаж өгсөн мэдээллээр дүүргийн хэмжээнд шинэчилсэн бүртгэл, тооллогод хамрагдах 26131 тээврийн хэрэгсэл байна. 1-34 хорооны заримд нь 2700 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байхад зарим хороонд 1 машин байна. Тооллого зохион байгуулах ажилд Хороо хариуцсан хэсгийн байцаагч, зохицуулагч нар удирдамжид заасан чиг үүргийн дагуу ажиллах тул Хорооны Засаг дарга нар хамтарч ажиллаарай гэсэн юм.   
ИРГЭД ТА БҮХЭН ТООЛЛОГОД ХАМРАГДСАНААР:

  • Дахин ашиглах боломжгүй тээврийн хэрэгслээ бүртгэлийн сангаас хасуулах /Ингэснээр татварын ногдол нэмж үүсэхгүй байх/
  • Худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэлээр бусдад шилжүүлсэн боловч тухайн өмчлөгч өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй бол таны нэр дээр татвар, торгуулийн өр үүсэх нөхцөл байдал үүсдэг. Иймд дээрх гэрээ, итгэмжлэлийн дагуу өмчлөгчийн мэдээллээ шинэчлүүлэх
  • Хуульд зааснаар техникийн хяналтын үзлэгтээ цаг тухай бүр орж байх нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангаас хасагдах эрсдэлээс тус тус сэргийлэх юм.


Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогод идэвхтэй оролцож өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх, цаашид ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслийг хасуулахыг УРИАЛЖ байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна