Антарктидын мөсний талбай түүхэн доод хэмжээнд хүртлээ багасжээ

Админ
12 цаг 31 минутын өмнө

ВАШИНГТОН. /DW/. Антарктидын эргэн тойрон дахь далайн мөсний эзлэх талбай энэ өвөл гэхэд түүхэн дэх хамгийн бага хэмжээнд хүртлээ буурсан байх магадлалтай гэж АНУ-ын Цас мөсний мэдээллийн үндэсний төвөөс /NSIDC/ даваа гарагт мэдэгдэв.

Дэлхийн өмнөд туйлд орших тивд өвлийн улиралд далайн мөс хамгийн дээд хэмжээндээ хүрдэг үедээ ийм түвшинд хүртлээ багасах нь тус тивд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нэмэгдэж буйд санаа зовниж буй эрдэмтдийг улам ихээр түгшээх боллоо.

“Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст хавар болж байгаа үед буюу есдүгээр сарын 10-ны байдлаар Антарктидын далайн мөсний эзлэх талбай ердөө 16.96 сая хав. дөр. км байсан” гэж NSIDC төв мэдээлжээ. 

Антарктидын эргэн тойрон дахь далайг бүрхэж буй мөс өвлийн хүйтэн улиралд хамгийн дээд хэмжээндээ хүрдэг тул есдүгээр сарын 10-ны дээрх үзүүлэлт энэ оны хувьд хамгийн өндөр хэмжээ болон тэмдэглэгдэн үлдэх бололтой. NSIDC-ийн мэдээлснээр, энэ нь 1979-2023 оны хооронд бүртгэгдсэн далайн мөсний хамгийн бага үзүүлэлт боловч  урьдчилсан байдлаар гарсан уг тоонд ирэх сард бүрэн гүйцэт дүн шинжилгээ хийх ажээ.

Дэлхийн дулаарлын нөлөөлөл

Антарктидын мөсөн бүрхүүл нь олон арван жилийн туршид тогтвортой хэмжээнд байсан бөгөөд зарим үед бага зэрэг нэмэгдэж байжээ. Гэтэл 2016 оны наймдугаар сараас хойш уг хэмжээ бараг бүх сарын турш огцом багасчээ.  

Энэхүү өөрчлөлт нь далайн мөсөн дээр үр төлөө өсгөж бойжуулдаг оцон шувууд зэрэг амьтдад ноцтойгоор нөлөөлж болзошгүйг судлаачид сэрэмжлүүлж байна. Түүнчлэн нарны гэрлийг мөсөн дээр ойлгон сансарт эргүүлэн цацах хэмжээ буурснаар дэлхийн дулаарал түргэснэ гэдгийг мөн анхааруулж байна.

Энэхүү өөрчлөлтийн шалтгаан нь эрдэмтдийн дунд маргаан дагуулсаар ирсэн бөгөөд тэдний зарим нь дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж буйд эргэлзэж байна. NSIDC-ийн мэргэжилтнүүдийн хувьд, далайн мөсний хэмжээ багасах хандлагатай байгаа нь далайн хамгийн дээд давхарга дахь дулааралтай холбоотой хэмээн үзэж байна.

“Дэлхий даяар далай тэнгисийн температур нэмэгдэж байгаа нь Антарктидын мөсний бүрхүүл урт хугацаанд багасах үйл явцын эхлэл байж магадгүй” гэж NSIDC дүгнэжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/32...


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.183
    5 цагийн өмнө

    All news is fake. When foreigners surf American news channels, Americans immediately send fake news to their locations just like webspoofing. How do people know whether there is really a war going on in Ukraine? No one visits Ukraine as this country is an undesirable tourist destination. Russians are getting a 300 billion - u. s. dollar paycheck from Americans for good acting.

    Хариулах