ШИНЭ нам, МУНН-ын “ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ” мөрийн хөтөлбөрөө өргөн барьлаа

Админ
2024/03/24

ШИНЭ нам, МУНН-тай эвсэн, “Шинэ нэгдсэн эвсэл” нэр, агуулгын дор Мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Аудитын газарт өргөн барьлаа.

Үндэсний ардчилалд суурилсан эвслийн шинэ бодлогын Мөрийн хөтөлбөрийг ШИНЭ намын дарга Ц.Гантулга, Дэд дарга Ж.Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга, МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр нар болон бусад төлөөллүүд хүргэсэн юм.  

“Шинэ нэгдсэн эвсэл”-ийн Мөрийн хөтөлбөр нь товчхондоо Төрийн шинэ бодлого, нийгмийн шинэ бодлого, эдийн засгийн шинэ бодлого гэсэн гурван тулгуурт зорилго бүхий агуулгатай Монголын уламжлалт гурвын онолын аргаар боловсруулсан баримт бичиг юм.

Энэ үеэр ШИНЭ намын дарга Ц.Гантулга “ШИНЭ нам энэ удаагийн сонгуульд МУНН-тай нэгдэн оролцох шийдвэрийг Төв зөвлөлийн XIII хурлаасаа гаргасан.  Ингээд хууль, эрхзүйн хүрээнд “Шинэ нэгдсэн эвсэл” байгуулан, хугацаанд нь Мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт өргөн барьж байна. Хоёр намын үзэл баримтлал нь язгуур эрх ашгаараа адил учраас нэгдсэн. Үүнээс гадна биднийг улс төрийн бусад нам, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийлээд байгаа. Мөрийн хөтөлбөр бол шинэ төр, нийгмийг цогцлоон байгуулахад оршино. Тиймээс “Шинэ төр”, “Шинэ нийгэм”, “Шинэ эдийн засаг” гэсэн гурван бүлэг, есөн хэсэг, 81 зүйлээс бүрдэх Мөрийн хөтөлбөр боловсруулсан” гэлээ.

Харин МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр “МУНН бол тусгаар тогтнол, газар шороо, үндэсний үзлийг эрхэмлэдэг, үүний төлөө үйл ажиллагаа явуулдаг нам. ШИНЭ нам ч үндэсний ардчилсан үзэл санаанд эх орончдыг нэгтгэсэн улс төрийн хүчин учраас хоёр намын үзэл баримтлал, итгэл үнэмшил таарч тохирч байгаа. Тиймээс манай намын хурлаар бүх гишүүдийн 99 хувь нь ШИНЭ намтай нэгдэх нь зөв гэдгийг дэмжсэн учраас бид эвсэл байгуулж, өнөөдөр Аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө өргөн барьлаа” гэсэн юм.


 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.