Балтиморт гүүр нурсны улмаас зургаан хүн амиа алджээ

Админ
3 цаг 29 минутын өмнө

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 27 /CNN/. АНУ-ын Мэриленд муж улсын Балтимор хот дахь Фрэнсис Скотт Кигийн нэрэмжит гүүрийг орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөө ачаа тээврийн хөлөг онгоц мөргөсний улмаас нуржээ.

Гүүр нурах үед найман хүн усанд унасан гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Патапско голоос хоёр хүнийг аварсан бөгөөд нэг нь бэртэж гэмтээгүй байсан бол нөгөөг нь эмнэлэгт хүргэсэн байна.

Эргийн хамгаалалтын албаныхан үлдсэн зургаан хүнийг эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн боловч мягмар гаргийн орой “амьд үлдсэн хүнийг олох найдлага тасарсан тул” эрэн хайх, аврах ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгджээ.

Чингэлэг тээврийн “Дали” нэртэй хөлөг онгоц тулгууруудынх нь нэгийг мөргөсний дараа гүүр нуржээ. Уг хөлгийн үйл ажиллагааг Сингапурт төвтэй “Синержи” групп хариуцдаг боловч Данийн “Маерск” компанид хөлслүүлсэн байжээ. Сингапур дахь АНУ-ын Элчин сайдын яам тус улсын Далай тэнгис, боомтын асуудал эрхэлсэн газартай холбоо тогтоосон гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл гүүр нурсан хэргийг шалгах ажиллагааг удирдан явуулж байна. Нийт 24 шинжээчээс бүрдсэн баг далай тэнгис, хөлөг онгоцны үйл ажиллагаа, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийн бүртгэл, эзэмшигчид, операторууд, компанийн бодлого болон аюулгүй байдлын удирдлагын систем зэргийг судална гэж тус зөвлөлийн дарга Женнифер Хомэнди мэдэгджээ. Хөлөг онгоцны аяллын мэдээллийг бүртгэгч төхөөрөмж нь мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: https://www.montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна