Үр дүнд суурилсан төсөвлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Админ
2024/03/27

"Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт" сэдвийн хүрээнд зохион байгуулсан нэг өдрийн сургалт-өдөрлөгийн үеэр Хэвлэл мэдээллийн тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох 30 гаруй сэтгүүлч, мэргэжилтэн өөрсдийн  ойлголтыг сайжруулж, улмаар улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой байдлаар мэдээлэх чиглэлээр практик ур чадвар эзэмшлээ.    

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцсон тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран зохион байгуулав.    

Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийг нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг ил тод, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахад чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ иргэд, шийдвэр гаргагчид хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, улмаар ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол хүчин зүйл болдог. Өргөн хүрээний энэхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголтыг сайжруулах, төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал юм.  

25    

Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Бид төсвийн тогтолцоогоо бусад улс орнуудад эрчимтэй нэвтрүүлэн хэрэглэж эхлээд байгаа үр дүнд чиглэсэн төсөвлөлтийн чиг хандлага руу нийцүүлж шинэчлэх томоохон зорилт тавьж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилго, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж 2020 онд УИХ-аас баталсан Алсын хараа 2050-Урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох учиртай” хэмээн онцлон тэмдэглэв.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоог өндрөөр үнэлж “Европын Холбоо нь хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч үзлийг орчин үеийн ардчиллын нэгэн тулгуур багана, мөн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх чухал хүчин зүйл гэж үздэг. Хэвлэл мэдээлэл нь төсвийн асуудалд анхаарал хандуулж, ил тод байдлыг дэмжих замаар нийгмийн сайн сайхны төлөө төр засгийн хариуцлагыг нэмэгдүүлж улмаар төрийн санхүүгийн удирдлагад онцгой хувь нэмэр оруулдаг” хэмээн хэллээ.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска тус үйл ажиллагааны ач холбогдлыг онцгойлон дурдаж, “Төсвийн ил тод, хариуцлагатай байдал гэдэг бол монголчууд болон улс орны хөгжлийн замналд нөлөөлөх амин чухал сэдэв юм. Олон нийтэд зөв мэдээлэл түгээж, төр засаг хариуцлагатай, ил тод ажиллахад хэвлэл мэдээллийн дэмжлэг, оролцоо  онцгой чухал. Төсвийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой мэдээлэх нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг тул хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэхүү өдөрлөгөөр бид төсөвлөлт, төлөвлөлтийн сэдвээр дүн шинжилгээ хийх, мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохыг зорьж байна” гэв. 

23_1 

Тус арга хэмжээний нэгэн хэсэг болох хэлэлцүүлгийн үеэр судлаач эдийн засагч, шийдвэр гаргагч болон хэвлэлийн төлөөлөл бүхий зочин оролцогчид үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага зэрэг сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, төсвийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, бодлого төсөвлөлтийн урт хугацааны тогтвортой байдал зэрэг сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэв. 

86 

Түүнчлэн эдийн засаг, төсвийн талаарх мэдээ мэдээлэл бэлтгэхэд сүүлийн үед ашиглаж буй арга техникүүд, тухайлбал эдийн засгийн мэдээллийг тайлбарлах сэтгүүл зүйгээр хүргэх, Хиймэл оюун ухаан болон Рийл ашиглан мэдээ хийх, олон улсын хэвлэлд Монголоос мэдээ хэрхэн бэлтгэж оруулах талаар суралцах боломж сэтгүүлчдэд олдсон юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна