Үнэт эдлэл гоёл чимэглэлийн хамгийн том форум, экспо зохион байгуулагдана

Админ
2024/03/27

Тун удахгүй үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн үйлдвэрлэгчид, арилжаа эрхлэгчд, энэ салбарын оролцогч бүх талын уялдааг бэхжүүлэх,  дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах, худалдаалах зорилготой "Mongolian Jewellery and Metal Forum, Expo 2024" гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус форум, экспоны талаарх мэдээллийг хүргэхээр Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний холбооны захирал Д. Азбилэг-тэй ярилцлаа.

 - Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний холбоо хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? Холбооны гол зорилго, чиглэлийн тухай бидэнд танилцуулаач?

Сайн байна уу? Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо 2020 онд байгуулагдаад одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орж түүнээсээ гарсныг та бүгд мэдэх байхаа. Саарал жагсаалт л гээд байдаг тэр нь яг юу юм бэ гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгэхээр саарал жагсаалт гэдэг зүйлд орсоноор улсад маань орж ирэх хөрөнгө оруулалтууд зогсох, улс орны хөгжлийн асуудлууд гацах, жирийн иргэн би хүртэл гадаадад суралцах, хил давах, бизнес хийх гэх мэт гадаад харилцаанд улс орноороо хязгаарлалтад орох гэх мэт олон эрсдлүүдийг бий болгодог зүйл л дээ энгийнээр бол. Аль нэг улсын  аливаа нэг салбар хууль эрх зүйн зохицуулалтгүй эсвэл сул байгаагаас үүдэн гардаг сөрөг үр дагаваруудаас урьдчилан сэргийлэх зорилготой дэлхий даяар хийгддэг зүйл юм. Зохицуулалтгүй, сул байх нь тухайн салбараас гарч байгаа мөнгө урсгалаар дамжуулан мөнгө угаадаг, террорист халдлагыг санхүүжүүлдэг, хүний наймаа, эд эрхтэний наймаа гэх мэт дэлхийг сэрдхийлгэдэг олон таагүй зүйлүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үздэг тул бүхий л улс орнууд хууль тогтоомжоо сайжруулж, хяналтын системийг бий болгон ажилладаг юм байна. ФАТФ гэдэг байгууллага ийм зүйлүүд бий болох вий гэдэгт үнэлгээ хийн шахаж шаарддаг мэргэжлийн байгууллага юм байна.

Тэгэхээр манай энэ салбар бол зохицуулалт сул яваад өдий хүрсэн нь тэдний анхааралд өртсөн хэрэг. Тиймээс Монгол улс бодлогоор дээрх асуудалд анхаарлаа хандуулж эхлээд буй юм. Тэр дундаа Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад, тэдний дэмжлэгтэй ажиллаад 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Үнэт эдлэл гоёл чимэглэлийн хамгийн том форум, экспо зохион байгуулагдана

- Монголд энэ чиглэлээр хичнээн байгууллага, иргэд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Тэдэнд тулгарч байгаа гол хүндрэлтэй тал юу байна вэ?

Манай холбоо их онцлогтой. Нэг жишээгээр тайлбарлахыг оролдъё. Нэг авьяаслаг бурхан урладаг дархан хүн байна гэж бодъё. Тэгэхээр тэр хүн алтан бурхан урласан гэж үзвэл тухайн бурханыг бүрсэн үнэт металл болох АЛТЫГ

  1. Олборлолт хийж шороотой чулуу гарна
  2. Тэр хүдэрийг боловсруулах бичил цехүүдэд боловсруулж алтаа ялгаж авна. Энэ бичил боловсруулалт хийж буй цех нь хүндийн жингийн аргаар ялгах технологийг ашигладаг буюу химийн бодис ашиглахгүй гэсэн үг.
  3. Цехээс хотод байгаа алтны арилжаа эрхлэгч рүү худалдана
  4. Алтны арилжаа эрхлэгчээс бурхан урлаач дархан дээр түүхий эд болон ирнэ
  5. Бүтээсэн бүрханаа шашны болон эртний эдлэлийн дэлгүүрүүдэд зарна.  За энэ бол алтны нийлүүлэлтийн сүлжээ гэх процесс юм. Энэ бүх шатанд гарал үүслийн баталгаажилтыг хийх түүгээр дамжин гарсан бүтээл нь ирээдүйд Монгол улсын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх учиртай юм. Олон улсад яг л энэ жишгээр үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих замаар бусад бүх ЖДҮ бизнесийг хөгжүүлэх, өргөжүүлэх бодлого барьдаг юм байна. Гэтэл манай улс стратегийн ач холбогдолтой гээд том уул уурхай, нөөц ихтэй хэсэгтээ анхаараад бичил урсгалаар явж байгаа буюу үйлдвэрлэлийн систем дэх металлын урсгалыг зохицуулах зохицуулалт сул явсаар өнөөдрийг хүрсэн байна.

Холбоо маань гишүүнчлэлдээ тус салбарын 5 холбоо, тусгай зөвшөөрөлтэй 250 гаруй иргэн аж ахуй нэгжийг нэтгэн нийт тус салбарын 25 мянга орчим гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн гүүр болон ажиллах зорилготой байгууллага. Тэгэхээр салбарын нийт оролцогчдын хувьд шат шатанд тулгамдсан зайлшгүй шийдвэрлэх ёстой олон ажлууд байгаа. Нэн тэргүүнд хийгдэх ёстой ажил бол хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна.

- Холбооны зүгээс "Mongolian Jewellery and Metal Forum, Expo - 2024" гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээнд хичээн аж ахуй нэгж, иргэд оролцож байна. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгч, энэ чиглэлээр худалдаа эрхлэгч бүрт нээлттэй юу? 

Тус арга хэмжээнд нийтдээ 100 гаруй аж ахуй нэгж, иргэд орж байгаа. Энэ жилээс олон улсын үзэсгэлэн болгон Солонгос, Хятад улсаас цөөн аж ахуй нэгжүүд хамтран ажиллах боломж эрэлхийлэн оролцохоо илэрхийлээд байгаа юм. Үзэсгэлэнд өөрийнхөө хийж бүтээж, урлаж байгаа бүтээл бүтээгдэхүүнээрээ оролцох байгууллага, хүн бүрт нээлттэй. Харин хугацааны хувьд 2024 оны 04 сарын 7-ныг хүртэл бүртгэл явагдах учраас манай пэйж болон 70151559 утсаар холбогдох боломжтой.

Үнэт эдлэл гоёл чимэглэлийн хамгийн том форум, экспо зохион байгуулагдана

- "Mongolian Jewellery and Metal Forum Expo - 2024" өмнөх жилүүдийнхээс юугаар онцлог болох байгаа вэ? Үзэсгэлэн худалдаа хэзээ зохион байгуулагдах вэ?

Энэ жилийн арга хэмжээ 1-рт Олон улсын болж байгаа

2-рт Дуудлага худалдаагаар худалдаа хийгдэнэ

3-рт Вертуал үзэсгэлэн болох тул дэлхийн хаанаас ч үзэсгэлэнг үзэх боломжийг бид бүрдүүлж байна.

4-рт Монгол орны өнцөг булан бүрт буй эртнээс уламжлагдаж ирсэн уран дарханы арга техникийг өвлөн тээж яваа уран дархчуудын ур хийц шингэсэн нандин бүтээлүүд тавигдана.

Үзэсгэлэн 2024 оны 4-р сарын 12-ноос 14-ны хооронд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн зохион байгуулагдана.

- Үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна салбарынхаа тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдлийг хэлэлцэх нэгдсэн форум зохион байгуулагдана гэж сонссон. Энэ талаар? 

Тиймээ. Үзэсглэнгийн өмнөх өдөр Нэгдсэн форумын арга хэмжээ явагдана.

Тус форумаар энэ салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, салбарын бизнесийн хөгжлийн саад тотгорыг багасгах боломжуудыг   эрэлхийлэх зорилготой юм.

- Энэхүү үзэсгэлэнгийн үеэр борлуулалт хийхээс гадна өөр ямар ямар арга хэмжээ явагдах вэ? Иргэдэд зориулсан худалдан авалтын хөнгөлөлт урамшуулал байгаа юу?

- Худалдан авалтын үнийн дүнгийн 100 мянган төгрөг тутамд сугалаатай. Үзэсгэлэнгийн 3 өдрийн турш  азтан тодруулна. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр супер азтаныг тодруулна. Супер азтаны шагналд байгалийн алмазан шигтгээтэй бөгж, өдөр бүрийн азтанд мөн үнэт эдлэлийн шагналтай.

- Мөн дуудлага худалдаа зохион байгуулагдана. Энэ арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа сонирхогч нарт нээлттэй онлайн болон уламжлалт аргаар зохион байгуулагдана. Магадгүй дуудлага худалдаанд оролцох сонирхолтой бол бидэнтэй холбогдох боломжтой.

- Оролцогч байгууллагууд тус бүртээ хэрэглэгчдэд зориулсан хөнгөлөлтийг үзүүлнэ

- Бид бодлогоор ховор нандин уран бүтээл хийж байгаа орон нутгийн дархчууд, шинэ залуу дархчууд, хөгжлийн бэрхшээлтэй дархчуудаа дэмжин ажиллаж байгаа

- Уран зураг, урлаг, соёлын үзвэр үйлчилгээнүүд зохион байгуулагдана

- Урчууд дархчуудын үүх түүхийн талаар ахмад дархчуудтай уулзах, ярилцах, танилцах, хамтрах боломжууд бий.

- Хуучирсан, эвдэрсэн, загвар нь хуучирсан үнэт эдлэлээ засуулах, шинэчлэх үйлчилгээнүүд бас байгаа

- Үнэт эдлэлийн арчилгаа, хадгалалт хамгаалалтын зөвлөгөө мэдээлэл

- Цорын ганц хүссэн бүтээлээ захиалах боломж зэрэг нэг дор олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Танд баярлалаа. Форум, Экспод амжилт хүсье..

Баярлалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна