Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ

Админ
2024/03/28

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 27 /ТАСС/. Токиогийн зүүн хойд хэсэгт орших Харүми дүүрэг дэх Олимпын тосгон байсан газарт устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станцыг нээлээ. Уг станц нь автобусууд, мөн  гудамж талбайн гэрэлтүүлэг ба цахилгаан шатыг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчийг гарган авдаг төхөөрөмжүүдийг түлшээр хангах ажээ.

"Харүми нь байгаль орчинд ээлтэй устөрөгчийн түлшийг өдөр тутмын бүх үйл ажиллагаанд ашиглах тал дээр загвар дүүрэг болох ёстой" гэж Токио хотын захирагч Киокэ Юрико станцыг нээх ёслолын үеэр мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, Токио хотынхон агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бүрэн зогсоохын төлөө тууштай ажиллана, ялгарлыг 2030 он гэхэд 2000 оныхтой харьцуулахад хоёр дахин бууруулна гэв.

Харүми дүүрэг дэх автобусууд, эрчим хүчний төхөөрөмжүүд нь устөрөгч ба хүчилтөрөгчийн нэгдлээс эрчим хүч гарган авдаг батарейгаар ажилладаг ажээ. Ийм түлшнээс ямар ч сөрөг нөлөөгүй усны уур л ялгардаг байна. 

Харүми дүүргийн станц өдөрт 40 орчим автобусыг түлшээр хангах хэмжээний устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь дүүргийн тээврийн ба нийтийн аж ахуйн үйлчилгээний хэрэгцээнд хангалттай хүрэлцэнэ. Тус дүүрэгт 2021 оны Токиогийн Олимпод зориулан дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн бүхий хороолол барьжээ. Мөн устөрөгчийг түлшний цэнэг хураагуурт хүргэх дамжуулах хоолойг газар доогуур тавьсан байна. 

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна