XIII-XIV зууны үеийн язгууртан бүсгүй, эмэгтэй дайчны булш илрүүлэн малтжээ

Админ
2019/09/03

Хөвсгөл аймгийн нутаг, Урд хяр хэмээх газарт малтлага хийсэн Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль (National Research Technical University)-ийн археологичид XIV зуунд амьдарч байсан 30-40 орчим настай гэж тодорхойлсон, монгол дайчин эмэгтэйн булш илрүүлсэн талаар “Сибириан таймс” цахим хуудсанд мэдээлжээ. 

 

Тухайн үеийн бүсгүйчүүдээс том биетэй буюу 180 орчим см өндөр эмэгтэй дайчны булшийг “Урд хяр-1” гэх талбайгаас олсон аж. Түүнийг эрчүүдийн нэгэн адил зэр зэвсэгтэй нь оршуулсан байсан гэнэ. Судлаачдыг удирдсан, профессор Артур Харинский “Монголын Амазон” гэж нэрлэж болохоор энэ эмэгтэй баргийн эр хүнийг дийлэх хүч чадалтай байсан бололтой” хэмээн ярьсан байна. Аварга биет эмэгтэйг сэлэм, сүх, нум саадаг, хүрэл бөмбөлөг зэрэг зэр зэвсгийн хамтаар оршуулсан нь маш ховор тохиолдол гэдгийг судлаач онцолжээ. Түүний аарцагны болон эрүүний ясны хэлбэрээр нь эмэгтэй хүн байсан хэмээн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа бөгөөд генетикийн нарийвчилсан шинжилгээ хийж байж үүнийгээ баталгаажуулах гэнэ. Эмэгтэй дайчны үе мөчний том яс түүнийг хүч чадалтай нэгэн байсныг баталж байгаа аж. Оросын археологичид тэр булшийг илрүүлэхээсээ өмнө “Урд хяр-2” гэх малтлагын талбайгаас цөөнгүй булш илрүүлсэн бөгөөд тэдний дунд XIII зууны үед амьдарч байсан язгууртан эмэгтэйн булш байсан гэнэ. Археологичид малтлагаараа Европ хийцийн гоёл чимэглэл олсон бөгөөд тэдгээрийг өрнө зүгт дайтаж яваад эргэж ирсэн дайчны дайны олз байсан гэж үзжээ. 

 

ТАСС агентлагийн мэдээнд профессор А.Харинский “Энэ хув бол яах аргагүй Европын гар урлалын дурсгалт зүйл. Монгол дайчдын 1242 онд Европ руу хийсэн аян дайны үед олзолжээ. Бүхэлдээ 15.4 см хэмжээтэй таваг хэлбэрийн хув байсныг хагалж хувааж авсан бололтой” хэмээсэн байна. Эдгээр олдвор Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйл болж эх орондоо үлдэнэ. МУИС-ийн Улаанбаатарын их сургуулийн багш С.Оргилбаяраар удирдуулсан, багш, оюутнууд малтлагад оролцож, судлан шинжилж буй аж. Судалгаа, шинжилгээ дууссаны дараа Монголын Үндэсний музейд шилжүүлэх тухай дурджээ.

 

Г.Орчлон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна