УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна

Сэтгүүлч
2025/10/10

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах хүсэлтийг өргөн барьсан. Уг хүсэлтийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

Хуралдааны явц:

  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн асуулт асуухаар нэр өгөв.
  • УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэхийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар уулзсаны дараа завсарлагын 30 минут дууссан тул хуралдааныг эхлүүллээ.

Гол маргаан:

  1. Ерөнхий сайдын томилгоо, Үндсэн хуулийн процесс зөрчсөн эсэх
  2. АМНАТ ба нүүрсний биржийн зохицуулалт
  3. Нүүрсний гэрээ, ҮАБЗ-ийн оролцоо, “Бодь” группийн оффтейк гэрээний нууц асуудал
  4. Намын дотоод зөрчил төрийн түвшинд нөлөөлж байгаа эсэх
  5. Ерөнхий сайдын зөвлөх, ёс зүйн асуудал

Ерөнхий сайд Г.Занданшатарын байр суурь:

  • “Би Засгийн газрын тэргүүн хүний хувьд эдийн засгаа сэргээх, багш эмчийн цалинг нэмэх, нүүрсний хулгайг таслан зогсоох асуудалд анхаарсан. Намын асуудлыг төрийн асуудал болгож болохгүй.”

  • “Би Үндсэн хууль зөрчөөгүй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхойлдог нь та биш.”

  • “Засгийн газрын гурван сарын хугацаанд эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан. Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн, биржийн арилжаа 8 дахин өссөн.”

  • “Огцруулах үндэслэл байхгүй, сүүлийн гурав хоног хайгаад олсонгүй.”

Гишүүдийн гол байр суурь:

А.Ариунзаяа:

  • “Яагаад намын дотоод зөрчлийг төрийн асуудал болгож байна вэ? Тахимаа өгч чадахгүй өрсөлдөгчөө хулгайчаар дуудаж байгаа нь зохисгүй.”

П.Сайнзориг:

  • “Ерөнхий сайд Үндсэн хуулийн процессийг зөрчсөн. ‘Томиллоо’ гэж хэлэх нь УИХ, Ерөнхийлөгчийн танилцуулах заалтыг үл хүндэтгэсэн хэрэг.

  • 25 хувийг биржээс гадуур зарах журам баталснаар олон зуун тэрбум төгрөгийн орлого тасарсан.”

Б.Хэрлэн:

  • “Засгийн газрыг огцруулах асуудал ул суурьтай, бодит үндэслэлтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр үндэслэлтэй бичигтэй танилцаагүй.”

Ч.Номин:

  • “Г.Занданшатарыг анх дэмжсэн ч одоо итгэл алдлаа. Таны бахархан яриад байгаа үзүүлэлтүүд өмнөх Засгийн газрынх.

  • Таны зөвлөх залуу гишүүдийг ‘мал’ гэж хэлсэн, энэ бол ёс зүйгүй.”

Л.Оюун-Эрдэнэ:

  • “МАН дэлхийд ганцаараа олонхын санал авсан нам байж, дотоод зөрчилдөөнөөр улс орны нэр хүндийг унагалаа.

  • ‘Бодь’-ийн гэрээ хийгдэх үед ЗГХЭГ-ын дарга нь Г.Занданшатар байсан. Түүнийг нүүрсний сонсгол дээр ярих байсан ч өнөөдөр асуудлыг булзайруулж байна.”

  • “АМНАТ-ийн асуудалд MCS-ийн нөлөө орсон. Улсаасаа том компанитай болсон бол улсынхаа нэрийг MCS болгож өөрчилье.”

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

  • “Огцруулах үндэслэлтэй танилцаж амжаагүй байхад хурал хийж байна.

  • АМНАТ-ийн 55-р тогтоолыг баталснаар 100 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн. Энэ хууль зөрчөөгүй.”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

  • “2022 оноос өмнө ҮАБЗ оффтейк гэрээтэй холбоотой зөвлөмж гаргаж байсан.

  • Үүнийг нууцад авснаар олон тэрбум төгрөгийн нүүрс хямд гарсан. Одоо жинхэнэ нүүрсний хулгайчдын сэжүүр ил болж байна.”

Дэлгэрэнгүй...

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Яагаад намын зовлонг төрийнх болгочхов оо?. Тахимаа өгч чадахгүй өрсөлдөгчөө хүнээр болон өөрөө хулгайчаар нь дуудаж байгаа нь хэр зохистой вэ, Г.Занданшатар дарга аа. Би таныг хүндэлдэг. Намын даргын сонгуулиас болж та ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ гэдэг зар тараасан. Улс орны нөхцөл байдал хүнд байна, төсвөө баталъя, хамтарч ажиллая гэх юм болов уу гэж бодсон" гэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар "Та Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордонд байна. Би нүүрсний хулгай дээрмийг таслан зогсоох тухай анх ажил авахдаа л ярьж эхэлсэн. Тиймээс намын асуудлыг энд ярихгүй. Би Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засгаа яаж сэргээж, багш, эмч нарын цалинг хэрхэн нэмэх вэ гэдэгт л анхаарсан. Энэ бүх асуудал нүүрсний хулгайг яаж таслан зогсоохтой л холбогддог.

Би Үндсэн хууль зөрчөөгүй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхойлдог хүн нь та биш" гэж хариуллаа". 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Бид Ерөнхий сайд хэнийг кабинетдаа авч ажиллуулах эрхэд халдаагүй, үүнийг яриагүй. Процессын хувьд Ерөнхийлөгч ба УИХ-д танилцуулна гэдэг заалттай. Танилцуулна гэдэг том агуулгатай. Төрийн эрх барих дээд институц урьдчилан мэдээлэл авах ёстой гэсэн үг. Үүний дараа бол хэнийг ч томилж болно. Үүн дээр Ерөнхий сайд “Томиллоо” гэж ярьсан. Төрийн харилцан тэнцэл хяналттай байх зарчмыг шууд гуйвуулсан. Үндсэн хуульд процессыг дараа нь нөхөж хийнэ, нөхөц гүйцтгэнэ гэж байдаггүй. Бид Үндсэн хууль манах гэж энд сууж байгаа. АМНАТ-ийн асуудал дараагийнх. УИХ 100 хувь биржээр зар гэсэн бол 25 хувиар зарж болно, тэгээд АМНАТ-өө биржийн үнээр төлж болно гэж тогтоол баталсан. Сангийн сайд нь болохгүй гэж санал өгөөд байхад хүчиндэж батлаад, хэдэн зуун тэрбумын орлогыг байхгүй болгосон".

Энэ бол Үндсэн хуулиар оролдож байгаа үйлдэл шүү. ЗГ хууль зөрчиж шийдвэр гаргачихаад араас нь олон зүйл тайлбарлаад байж болохгүй. ХЗДХ-ийн сайд бол хуулийн илд бамбай болж болох ч хүний бамбай болж болохгүй. Хүн гүтгэж суугаа хүнийг сайд болгохоор юу болох вэ. Миний албан бичгийн толгой солигдоогүй гэдгийг Ерөнхий сайдад хандаж хэлье".

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн "Дөрвөн сар хүрэхгүй хугацааны дараа ЗГ-ыг огцруулах тухай яриад сууж байна. Уг нь бид ултай, суурьтай хандмаар байна. Гурван үндэслэл яригдаж байна. Ерөнхий сайд яагаад бүрэн эрхээ хэрэгжүүлж болохгүй гэж? Судалгаа, үндэслэлтэй баймаар байна. Хуралдаан эхлэхээс өмнө үндэслэлтэй бид танилцаж чадсангүй. Ерөнхий сайдаас асууя. Өнөөдөр эмч, багш нар цалингаа нэмүүлье гэж жагсаж байна. Та бол хулгайтай тэмцэх гэж байгаа. Яг энэ үед уг асуудал босоод ирснийг юу гэж харж байгаа юм бэ?"

Ерөнхий сайд Г.Занданшатар "Засгийн газрын гарааны гурван сар эдийн засгаа өөд нь татахын тулд баялгийн хулгайтай тэмцэхэд чиглэсэн. ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа экспорт сая саяар өслөө. Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Биржийн арилжаа 8.1 дахин өслөө. Манай ЗГ сайн ажилласан нь тоогоор батлагдаж байгаа. Би огцруулах үндэслэлийг сүүлийн гурав хоног хайгаад олоогүй. Үндэслэлтэй шалтгаан гарах ёстой. Өнөөдөр л цаасаар авч харж байна. Энэ бичгийн толгой хэдэн удаа солигдов?"

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Олон улсын өмнө Монгол Улс онигоотой байдалд орж байна.Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтдаг. Тэрбээр байнгын хорооны хуралдааны үеэр дараах байр суурийг илэрхийллээ. Би уг нь дуугүй л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө л биелүүлэхэд анхаарах ёстой байсан.

Гэтэл хамтарсан ЗГ-аа тараагаад асуудал өрнөсөөр одоо үнэн худал нь мэдэгдэхээ байлаа. Олон улсын хувьд ч онигоотой байдалд орж байна. Харамсаж байна. Өнөөдөр би цөөнгүй материалтай ирсэн. Тийм учраас та бүхэн надаас асуулт асууж болно. Төрийн ажил цуу яриа, огт худлаа мэдээллээр явж болохгүй. Монголын ард түмэн ч тролл армиа давж, бодит үнэнтэй нүүр тулах цаг ирсэн.

2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болсон. ЭЗХ-ийн сайдаар Ч.Хүрэлбаатар байсан. Гааль дээр нүүрсний экспорт байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд олж харсан. Гэтэл оффтейк гэрээнд асуудал байж таарсан. Тэгээд 2022 онд энэ гэрээнүүдийг ил болгосон шүү. Түүнээс хойш нэмж ил болсон ямар ч гэрээ байхгүй. ҮАБЗ-ийн холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Өөрөөр хэлбэл шууд гэрээ хийж болно гэж ҮАБЗ зөвлөмж гаргадаг. Тийм учраас энэ зөвлөмжийг ч ил болгох хэрэгтэй.

“Бодь”-ийн гэрээ хийгдэж байхад Г.Занданшадар ЗГХЭГ-ын дарга байсан. Энэ гэрээг нүүрсний сонсгол дээр ярих байсан. Үүнээс болж валютын нөөц яаж багассаныг ярих ёстой байв. Тэр нь “Бодь”-ийг тойрч тойрч байгаад Бортээгийг яриад эхэлсэн. Тийм учраас одоо “Бодь”-ийг ярих ёстой. Г.Занданшатар дарга одоо өөрийнхөө хийсэн ажлыг тайлбарлах хэрэгтэй” гэлээ.

“Хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоногт төрөл арилжчихна гэж итгэхгүй байна. Одоо тойрч худлаа яриад яах вэ. АМНАТ-төй холбоотой асуудлыг дандаа л Ж.Оджаргал захирал лоббиддог байсан. Б.Жавхлан захирал ноён нуруугаа хугалчихгүй, орж ирээд ийм дарамтад орлоо, гэхдээ гүрийлээ гээд явдаг байсан. Улсаасаа том компанитай болчихсон юм бол улсынхаа нэрийг MCS болгож өөрчилье” гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Харамсалтай байна. Татварыг бодитой байлгах ёстой, гэхдээ хуулийн хүрээнд явах учиртай. 100 хувь биржээр зарах хууль бий. Үүнийг 25 хувиар зарж болно гэж ЗГ журам гаргасан. Үүнийг УИХ-аар оруулах ёстой байсан. Ерөнхий сайд эдийн засаг өсөлттэй байгаа гэж хэлсэн. 8-р сард 1.2 их наядаар төсөв алдагдалтай гарсан шүү. Ард иргэдийн тархийг угаачихна гэж бодох хэрэггүй. ЭТТ ХК дээр хүртэл энэ журам чинь үйлчилж байгаа. Ингэж улаан цагаан мэтгэж болохгүй” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “ЗГ-ыг огцруулах үндэслэлтэй танилцаж амжихгүй байж байгаад өнөөдөр гэнэт хуралдаа ирлээ. Тайлбарлахдаа, УИХ-ын гишүүдийг дарамталж сүрдүүлээд байна гэжээ. Хэн гишүүнийг яаж дарамталсан талаар мэдээлэл өгөөч. Хоёрт, татвар бодитой байх ёстой юу, хийсвэр байх ёстой. Бодитой биш байсан учир ААН-үүд төлж чадахгүй, УДШ дээр хүртэл маргаан үүссэн байсан. Тийм учраас 55-р тогтоолыг баталсан. Улсын төсөвт 100 гаруй тэрбумын орлого орж ирсэн. Сангийн яам дэмжсэн. Дэмжээгүй гэж яриад байх шиг байна лээ. Яагаад хууль зөрчсөн гэж тайлбарлаад байгаа вэ?”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “ҮАБЗ дээр 2022 оноос өмнө ийм зөвлөмж гардаг байсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул хуульд өөрчлөлт оруулж, ҮАБЗ дээр ямар нэг ийм аж ахуйн асуудал хэлэлцэхээ больсон байгаа. Г.Занданшатар дарга хэлсэн, үндэсний бүтээн байгуулалт хийх зорилготойгоор ҮАБЗ дээр зөвлөмж өгч байсан гэж. нууцад авснаар их хэмжээний нүүрс хямд үнэтэй гарсан асуудлыг л үүнээс илүү хөндөх ёстой болов уу” УИХ-ын гишүүн Ч.Номин “Чайна энержигийн асуудлыг асуух гэсэн юм. Яг юу болсон юм бэ гэдгийг тодруулъя” гэж тодруулж асуулаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Энд Дэгийн тухай хууль зөрчигдөж байна. Зарим гишүүний минут дуусаад, заримд нь илүү олгогдож байна. П.Сайнзориг гишүүн эдийн засгийн ямар ч ойлголтгүй юм байна. “Энержи ресурс” гэж компани лав АМНАТ-ийн тогтоолоос нэг ч төгрөгийн ашигтай ажиллаагүй. Ийм асуудлыг огцрох үндэслэл болгож байгаа нь та өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байна.

УИХ-ын гишүүн Ч.Номин “Би Г.Занданшатар даргыг өмнө нь дэмжиж кноп дарсан. Учир нь Ерөнхий сайдаар ажиллах чадамжтай гэж итгэж явсан. Таны бахархан ярьж байгаа тоонууд бол зургадугаар сарынх буюу өмнөх ЗГ-ын үед хийсэн ажил юм. 3х3, TheMongolZ багийн гаргаж байгаа амжилт яг үнэндээ Засгийн газарт ямар ч хамаагүй. Өнөөдөр би шийдвэрээ өөрчилж байна.

Бага хурал дээрх үйл явдлаас үүдсэн. Шийдвэр нь гарчихаад байхад өнөөдөр сандал суудлаа л булаацалдаж байгаа нь үнэн. Хөшигний ард болдог зүйлс ил болж байгаад баяртай байна.

Залуу гишүүдийг дарамталж байгаа нь үнэн шүү дээ. Нуугаад хэрэггүй. ҮАБЗ дээр яг ямар шийдвэр гарч байж, эдгээр гэрээг нууцад авдаг юм бэ? Хоёрдугаарт, таны зөвлөхөөр ажиллаж байгаа залуу УИХ-ын гишүүдийг мал гэж хэлсэн. Үүнийг би бас зүй бус үйлдэл гэж харж байна”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “2022 оны 10-р сард ЗГ-ын 362-р тогтоол батлагдсан. Олон сая тонн нүүрс хилээр гарсан мөртлөө мөнгө нь орж ирдэггүй асуудлыг шийдэх гэж биржийн хуулийг баталсан. Өнөөдөр жинхэнэ нүүрсний хулгайчдын сэжүүр цухуйж байгаад баяртай байгаа. Дараагийн минут дээр энэ талаар дэлгэрэнгүй ярья”. Олон жилийн турш нууцад дарагдаж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрхийг олгосон, их наядын нүүрсний хулгайтай асуудал яригдаж байгаад баяртай байна. Нүүрсний сонсгол үүнээс болж л эхэлсэн.

Даанч энэ оффтейк гэрээг нууж, өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч болгож зарласан. Хамгийн том хохирогч нь би өөрөө байна. Нэг хүрз нүүрс олборлоогүй газрыг олборлосон мэтээр ярих жишээтэй. Өнөөдөр оффтейк гэрээнүүд яаж хийгдсэн, түүнийг хэн хариуцаж ажиллаж байсан нь ил боллоо.

Эдгээр нь намайг ЗГХЭГ-т ирэхээс өмнө хийгдсэн гэрээнүүд. Нүүрстэй холбоотой асуудал төрийн түвшинд яригдаж байна. Сэжүүрүүдийг уг эзэн дээр нь очтол дахиад сонсгол хийх ёстой. Маш олон гишүүнийг олон шалтгаанаар дарамталж байна. Энэ бүгдийг гишүүд бас нээлттэй яриарай” гэв.












Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна