Эх орныхоо өмнө үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчдыг ёс төртэй халахыг захилаа

Сэтгүүлч
2025/10/10

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалттай уялдуулж, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангийнхаа захирагчтай мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудал бэрхшээлийг сонсож, заримыг нь дор бүрт нь шийдвэрлэв.

Заах арга зүйн цугларалтыг ЗХЖШ-ын даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгийн дүнд дүгнэлт хийж, өвөлжилтийн бэлтгэл ажил, 2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах, 2025 оны хоёрдугаар ээлжийн шинэ дайчдаа хүлээн авахтай холбоотой үүрэг чиглэл хүргэв. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал нэгтгэл, ангийн захирагч нарыг идэвх санаачилгатай, хангалттай сайн ажиллаж буйг нь уулзалтынхаа эхэнд тодотгож, алба хаагчдын хувь хүний хөгжил, алба салбарын бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээний талаар зарим саналуудыг дэвшүүлж, төгсгөлд нь штабын бэлтгэлжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. 
 Өнөө маргаашгүй “тулсан” ажил болох 2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдаа ёс төртэй халахыг захиж, тэдний дүрэмт хувцасны өнгө үзэмжид анхаараарай хэмээгээд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нөр төртэй биелүүлсэн тэр олон сайхан залуусаар бахархах ёстойг ч дурдлаа.
Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр бэлэн байдал, цэргийн алба, сахилга хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар үүрэг өгөхийн сацуу нэгтгэл, ангиудын КШС-ийг Хуурай замын цэргийн командлалаас төлөвлөн зохион байгуулах нь үр дүнтэй байх талаар ч дуулгав. 
       Төгсгөлд нь тэрээр “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар яригдсан үүрэг даалгаврыг биелүүлж, ягштал мөрдөж ажилла. Цэргийн дарга эр зоригтой, санаачилгатай, зөв зүйлд эрс шийдэмгий байх ёстой шүү” хэмээгээд нэгтгэл, ангиудын захирагч нараас 2026 онд төлөвлөсөн онцлох ажлуудаас нь сонсов. 2026 онд хоёр томоохон түүхт ой тохиож буй нь Зэвсэгт хүчний 186 дугаар анги үүсэн байгуулагдсаны 90 жил, химийн цэрэг үүсэн байгуулагдсаны 90 жил ажээ. 

Гэрэл зургийг О.МӨНХБАТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна