Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг баталлаа

Админ
2021/01/15

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.15) нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

    Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 08 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Аптанхуяг, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.

    Байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Ажлын хэсэг 11 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг тогтоолын хавсралтад нэмэх, 29 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, давхардсан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас батлах бодлогын баримт бичгийн төрөлд нийцээгүй 12 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хасах зэрэг зарчмын зөрүүтэй 16 санал болон найруулгын шинжтэй 1 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар тогтоолын төслийн хавсралтын 128-д заасан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг нефтийн бүтээгдэхүүнд онцгой татвар тогтоох зарчмыг тусгах талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Нийгмийн бодлогын, Төсвийн, Төрийн байгуулалтын, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулжээ.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт мэдээлэл авсан.

    Дараа нь тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амыан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх, гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох зохицуулалтыг тусгасан Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 онд Засгийн газраас өргөн мэдүүлэхийг төсөлд нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 93 хувь нь дэмжлээ. Мөн 3асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагаатай холбоотой зарим харилцааг зохицуулах, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, салбарын хэвийн үйл ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр 2021 онд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 3асгийн газраас өргөн мэдүүлэхийг төсөлд нэмж тусгахыг гишүүдийн 93.2 хувь нь дэмжсэн. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхээр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 3асгийн газраас 2021 он I улиралд багтаан өргөн мэдүүлэхээр төслийн хавсралтад нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай, Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг 2021 онд өргөн мэдүүлэхээр төслийн хавсралтад нэмэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжсэн.  

    Тариалангийн талбайг малаас хамгаалах, хашихтай холбоотой зохицуулалт бүхий Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 3асгийн газар 2021 онд өргөн мэдүүлэхээр нэмэхийг хуралдаанд оролцсон 54 гишүүний 51 нь 94.4 хувийн саналаар дэмжлээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах “Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай”, “Эдийн засгийн болон дэд бүтцийн зорилтот хөтөлбөр батлах тухай”, “Байгаль орчны зорилтот хөтөлбөр батлах тухай”, “3асаглалын зорилтот хөтөлбөр батлах тухай”, “Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай”, “Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр батлах тухай” төслүүдийг 2022 оны II улиралд багтаан Засгийн газраас өргөн мэдүүлэхээр төслийн хавсралтад нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.  

    Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулав.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 50 нь 96.2 хувийн саналаар дэмжин, баталлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь дэмжснээр Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн захиргааны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд батлагдав.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 46 нь дэмжин, баталсан. Мөн Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд батлагдлаа.

    Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон 51 гишүүний 47 нь дэмжин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав. Мөн Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжин, баталсан.

    Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал хийж, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах эрхэм зорилго нэг шатаар урагшилж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон хэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилт нь шүүх, шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах, үүгээр дамжуулан шударга ёсыг тогтоох явдал байсныг тэрбээр дурдав.

    Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн, батлахад Улсын Их Хуралд суудалтай бүх нам, бие даагчид онцгой хүчин чармайлт гаргаж, ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэж, нийгмийн шударга ёсыг тогтоох эрхэм зорилгод нэгдэж, Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн шинэтгэлийн төлөө нэг санаа, нэгдмэл зорилготой ажилласан явдалд Улсын Их Хурлын дарга гүн талархал илэрхийллээ. Түүнчлэн хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал болон олон улсын сайн туршлага, жишигт нийцүүлэх, иргэд, олон нийт, хуульчид, мэргэжилтнүүд, шүүгчид, судлаачдын санал зөвлөмжийг тусгах, улам чамбайруулах чиглэлд хичээн зүтгэсэн Хууль зүйн байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлсэн юм.

    Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ хуулиар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангалаа. Иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэрэг хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зохицуулалтуудыг орууллаа. Шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, олон талын оролцоо, хяналт тэнцлийг тогтоолоо. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороотой байхаар тусгаж, эрх үүргийг тодотголоо. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгохдоо ил тод сонгон шалгаруулах зарчмыг баримтлах, нийтийн сонсгол хийх, нэр дэвшигчдийн талаар иргэд санал бодлоо илэрхийлэх замаар шударга ёсыг хангах, шүүхэд шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бүрдүүллээ. Нийтийн сонсгол бол аливаа асуудлыг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, ярилцдаг ардчиллын шударга хэлбэр гэж үздэг. Энэ шүүлтүүрээр орж, сонгогддог боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох, нэр дэвшигчдийг томилгооны сонсголоор заавал оруулдаг байхаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлд заасан ард түмний мэдэх эрх, оролцоог хангаж буй чухал зохицуулалт боллоо.

    Шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт төдийгүй мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авах, эдгээр шалгалтын аль алинд нь тэнцэж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилох боллоо. Эдгээр өөрчлөлт хэрэгжсэнээр шүүх болон шүүгчийн хараат бус байдал хангагдаж, улс төр, бизнесийн аливаа нөлөөлд орохоос сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээлгэх үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ. Хамгийн чухал нь Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс ноёрхох суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Улмаар хууль нь ярьдаггүй шүүгч, шүүгч нь ярьдаг хууль байх сонгодог зарчим тогтоно. Эрх зүйн хувьсгалын нэг үндсэн зорилго нь үүнд чиглэж байгаа юм.

    Мэдээж хуулийн үр дагавар нэг өдөр шууд гарахгүй, тодорхой хугацаа шаардана. Энэ хуулийн, шүүхийн шинэтгэлийг бодитой хэрэгжихэд шүүгчид төдийгүй хүн нэг бүрийн хүчин зүтгэл онцгой хувь нэмэр оруулна. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчид онцгой чухал үүрэгтэй гэдгийг эцэст нь тэмдэглэж хэлье.

    Энэ хуулийг батлахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн тухай багц хуулийн төслийн үзэл санаа, зүйл заалтуудаас 98 хувийг нь тусгасан гэдгийг ажлын хэсэг албан ёсоор мэдэгдсэн. Мөн шүүгчид, Улсын дээд шүүхийн төлөөлөл ажлын хэсэгт орж, байр сууриа тодорхой илэрхийллээ. Хууль санаачлагчийн хувиар Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд онцгой идэвх, санаачилгатай ажиллалаа.

    Шүүхийн шинэтгэл үр дүнд хүрэх эсэх нь Та биднээс, нийт шүүгчдээс ихээхэн хамааралтай. Энэ өдрөөс эхлээд шинэ дэг журам тогтож байгааг хаа хаанаа сайн ойлгож, шүүхийн шинэтгэлийн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэх чиглэлд санаа нийлж ажиллахыг уриалж байна. Тиймээс эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахих тангарагаа эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлж ажиллахыг нийт шүүгчдэдээ сануулж хэлье. Улсын Их Хурлын нийт гишүүддээ шүүхийн хараат бус байдал, эдийн засгийн хараат бус байдлыг хангах талаар идэвх санаачилгатай ажиллаж байхыг уриалья. Шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхийг Та бүгдээс хүсье” гэлээ.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна