“Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум – 2026” маргааш буюу 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн форумыг Эдийн засаг, хөгжлийн яам Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Худалдааны яамны Арилжааны эрх зүйг дэмжих хөтөлбөр болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжих боломжтой төслүүдийг хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдад танилцуулах, олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжилтийн механизмыг танилцуулах, туршлага хуваалцах зорилготой уг форумын үеэр дээрх чиглэлээр хэд хэдэн илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Тодруулбал, ТХХТ-ийн бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба түншлэл, түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн танилцуулга, Олон улсын туршлага, санхүүжилтийн боломж сэдвүүдээр илтгэлүүд танилцуулагдах бол  Түншлэлийн төслүүдийг нээлттэй болгох, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, эрсдэлийн зохицуулалтын асуудал,  Хөгжлийн саад бэрхшээлийг даван туулах практик шийдэл, холимог санхүүжилт, дотоод болон гадаадын банкуудын оролцоо, Төслийн менежмент, хууль, санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаниудыг төслүүдэд татан оролцуулах нь зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн форумын үеэр, “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежмент” төслийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Олон улсын санхүүгийн корпорац болон ТХХТ-ийн төвийн хамтын ажиллагааны санамж бичиг, Орон нутгийн ЗДТГ-тй хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана.

“Төр, хувийн хэвшлийн түншлэл–2026” форум нь төрийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо, олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийг нэг дор төвлөрүүлсэн, түншлэлийн төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд чиглэсэн стратегийн арга хэмжээ бөгөөд  Монгол Улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.