Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг ХҮНамаас удаа дараа шаардаж буй.  Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нялх биетэй эх, нярайг эмнэлэг хооронд журам зөрчин, хүнлэг бус байдлаар тээвэрлсэндээ хүлцэл өчин, өөрсдийн буруугаа ухамсарлан, огцорсон. 

Тийм байтал өөрийнх нь харьяанд байдаг "Өргөө" амаржих газартай огт хариуцлага тооцохгүй байгаа Д.Сумъяабазар өөрөө ёсзүйн хувьд хариуцлага хүлээн, огцрох ёстой хэмээн мэдэгдэж байсан бол өнөөдөр НИТХ дахь ХҮНамынхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэнээ мэдээлсэн. 

 Тэгвэл Д.Сумъяабазар тэдний шаардлагын хариуг цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ. 

Тэрбээр "Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна. Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Иймд үед ХҮН улстөржиж байгаад харамсаж байна.

 Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна ХҮН-ынхаан" гэсэн байна.