ШҮҮХИЙН ЯЛЗАРСАН “ВАНТ УЛС”

Админ
2021/02/23

УИХ-ын 2005 оны хаврын чуулган эхлээд удаагүй байхад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн үед Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан С.Батдэлгэрийг УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлж, УИХ-д танилцуулах ажиллагаа хийсэн байдаг.

Гэтэл тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан “Чингисийн хүргэн” гэх хүртэл өргөмжлөлд автчихсан Н.Энхбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг зүгээр л “түр мартсан” юм. Яагаад тэр билээ?

Маш ойлгомжтой. Хэрэв нэр дэвшигчтэй УИХ танилцлаа л бол хуулийн дагуу нэр дэвшигчийн материал ерөнхийлөгчид хүргэгдэх ёстой. Тэрэндээ тулбал хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусан төрийн тэргүүний халаагаа өгөх өдөр хаяанд тулсан ерөнхийлөгч Н.Багабаньд асуудалд бодитой, шударгаар хандах байсан билээ.

Ийнхүү ерөнхийлөгчийн сонгууль болж, сонгуулийн үр дүнд Н.Энхбаяр МУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, УИХ-ын шинэ дарга томилогдов.

Мэдээж хэрэг УИХ-ын дарга шинэ ажилтайгаа танилцахад өмнөх спикерийн “мартаад” явсан, УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч С.Батдэлгэрийн материалтай УИХ танилцах хугацаа хэтэрсэн байсан учир яаравчилж, УИХ-д танилцуулав.

Нэгэнт УИХ танилцсан учир С.Батдэлгэрийн материал шинэхэн ерөнхийлөгч Н.Энхбаярын ширээн дээр очих нь тэрээ.

Ингэж, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан С.Батдэлгэр 2005 оны зун УДШ-ийн шүүгчээр томилогдов.

Улмаар 2005 оны намар 10 дугаар сард УДШ-ийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ч.Ганбат /бурханы оронд заларсан, чигч шударга нэгэн байв/-ын бүрэн эрхийн хугацаа дууссан, дараагийн ерөнхий шүүгчийн суудалд Ч.Ганбат болон Н.Энхбаярын ивээлд багтсан, саяхан УДШ-ийн шүүгчээр томилогдсон С.Батдэлгэр нарын хооронд өрсөлдөөн болов.Эхлээд УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас Ч.Ганбатад итгэл үзүүлсэн боловч  түүнийг Н.Энхбаяр томилохоос татгалзсан тул УДШ-ийн нийт шүүгчид дахин хуралдахад С.Батдэлгэр арай чамай бусад өрсөлдөгчөөс илүү санал авсан байна.Ингээд ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны 10 сарын 17-ны өдөр УДШ-ийн ерөнхий шүүгчээр С.Батдэлгэрийг томилсон нь Монголын шүүх дэх “вант улс” үүсэх зам шулуудлаа.

Энэ нь цаашаа улс төр, бизнесийн бүлэглэлтэй холбогдож маш олон боломж, ирээдүй, сайн сайхныг үгүй хийх болно.

С.Батдэлгэр өөрөө УДШ-ийн ерөнхий шүүгч болоод зогсохгүй мөн өөрийн өмнө хашиж байсан алба болох Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр хуучин цагийн бор дарсны найз, угийн боловсрол муутай, шунал ихтэй Ц.Зориг гэгчийг зүтгүүлэн байж томилуулж чадав.

С.Батдэлгэр УДШ-ийн ерөнхий шүүгчийн албанаас буухынхаа өмнө мөн л Ц.Зоригийг УДШ-ийн шүүгчээр томилуулж, улмаар халаагаа түүндээ шилжүүлсэн бөгөөд Ц.Зориг бол С.Батдэлгэрийн нэгэн адил УДШ-ийн ерөнхий шүүгч бөгөөд ШЕЗ-ийн даргын албыг давхар хашсан хамгийн сүүлчийн Ерөнхий шүүгч билээ. Учир нь тухайн үеийн хуулиар УДШ-ийн ерөнхий шүүгч нь ШЕЗ-ийн дарга болдог байсан байна.

Ингэж, С.Батдэлгэр, Ц.Зориг нарын хослол 2005-2019 оны 03 дугаар сард хүртэл үргэлжилсэн юм. Хачирхалтай нь С.Батдэлгэр УДШ-ийн ерөнхий шүүгчийн албанаас буусан боловч бусад шүүгчдийн адил хэрэг хянан шийдвэрлэхгүйгээр харин “Ерөнхий шүүгчийн зөвлөх шүүгч”-ээр саяхан болтол ажилласаар иржээ.

С.Батдэлгэр 2005 онд УДШ-ийн шүүгчээр томилогдохдоо Нийслэлийн шүүхэд өөрийн албаны жолооч байсан хүнийг хувийн жолооч болгон авч явсан бол мөн өөрийн буюу шүүгчийн хувьд туслахаар ажиллаж байсан И.Ганбатыг УДШ-ийн шүүгчийн хувьд туслах болгон  авсан байна. Энэ И.Ганбат гэгч одоо Хан-уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа болно.

Мөн өөр “боловсон хүчин”-ий нэгэн асуудлыг орхихгүй өнгөрч боломгүй. Тэр бол С.Батдэлгэр Нийслэлийн ерөнхий шүүгчээр ажиллаж байх үед нэгэн бүсгүй бараг тохиолдлоор шахам ня-богийн ажилд орсон юм. Тэр ня-бо бүсгүй тун удахгүй ерөнхий шүүгчийнхээ анхааралд өртсөн байна. Тэрээр үүрэгт ажлаа хийгээд зогсохгүй УДШ-ийн ерөнхий шүүгч Ч.Ганбатын туслахаар ажиллаж байсан Б.Цогттой хайр сэтгэлийн романс үүсгэв.

С.Батдэлгэр УДШ-ийн шүүгчээр 2 сар орчим ажиллаад Ерөнхий шүүгчээр томилогдохдоо  Нийслэлийн шүүхэд гар, хөл нэгэнт нийлсэн ня-бо бүсгүй Жанхарыг шууд л Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон байдаг.

Жанхар өмнөх гэрлэлтийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсэн тул ШЕЗ-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга болж очсоны дараа Б.Цогттой гэр бүл болж тун удалгүй Б.Цогт шүүгчээр томилогдов.

Харин Ц.Зориг УДШ-ийн ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн даргаар ажиллаж байх хугацаанд Б.Цогт Баянгол дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр мөн УДШ-ийн шүүгчээр, УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ээлж дараалан томилогдон ажиллах болов.

            Одоо эргээд 2000 оны дунд үедээ очьё. УДШ-ийн ерөнхий шүүгчээр томилогдсон С.Батдэлгэр ивээлт эзэн Н.Энхбаярын даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээ өөрөө есөн шидийн тоглоом зохиож эхлэв.

Тэр хамгийн түрүүнд Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн баярын босгон дээр энэ цаг үеийн оюун санааны томоохон төлөөлөгч судлаач Д.Ганхуягийг “Энхбаярын эхнэрийг гүтгэсэн” гэх балай хэрэгт ял шийтгэх ажлын чиглэл өгөв.

Мөн Алтжин бөмбөгөр худалдааны төв шатсан хэргийн асуудал ч яригдана.

Амьдралын амин зуулга болсон ажлын байр, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон олон зуун хохирогчид тухайн үеийн Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Л.Сарангэрэлийг Алтан авгайтай шууд холбоотой, хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй болох талаар хэдэн арван гомдол бичиж байхад тэр бүхнийг С.Батдэлгэр, Ц.Зориг нар нүдэн балай өнгөрөөж байлаа.

Гэтэл Л.Сарангэрэл хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарч маргааш өдөр нь гэхэд Алтжин групп компанийн хуулийн зөвлөх ажилд орсон байдаг.

Мөн С.Батдэлгэр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байх үедээ ажилд оруулсан, дараа шүүгч болгосон Тү.Энхжаргал гэгч Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа Алтан авгайн хүү Эдуард Сүрэнгийн Төрийн банкнаас 54 тэрбум төгрөг шаардсан хэргийг 100 хувь Сүрэнгийн талд шийдвэрлэж, Төрийн банкыг давж заалдах боломжоор хааж боогдуулсан энэ үйлдэлд мөн л Л.Сарангэрэл гэх шүүгч асан  оролцож, төлөөлөгчөөр явжээ.С.Батдэлгэрийг УДШ-ийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад  тэнд уяатай юм шиг байнга байдаг нэгэн эрхэм бол тэр үед Өмгөөлөгчдын холбооны даргаар ажиллаж байсан Б.Пүрэвнням билээ.

Тэр “ачит” найзынхаа дэм, туслалцаатай буюу УДШ-ийн санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж чадсан ч хожим дуулиан тарьсан “Салхит”-ын гэх хэргийн асуудалд оролцож, Ш.Мөнгөншагай гэгчийн талд ажиллаж шүүгчид авлига өгсөн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байгаад сураг чимээ алдрав.

Мөн С.Батдэлгэрийн хүн гэх шүүгч Тү.Энхжаргал бол “Салхит”-ын хэргийг дүүргийн шүүхэд хянаж Ш.Мөнгөншагай гэгчийн талд шийдвэрлэсэн шүүгч бөгөөд түүнийг гэм буруугүй гэж саяхан шүүгчээр буцаан томилсон.

Дээд шүүхэд уг хэргийг “гардан” дэнсэлж Ш.Мөнгөншагай гэгчийн талд шийдвэрийг үлдээсэн шүүгч Ц.Амарсайханыг буруугүй гэж үзэн цагаан сарын үеэр Ерөнхийлөгч зарлиг гарган ажилдаа эргэн орсон гэнэ.

Гэтэл “Салхит”-ын хэргийг шийдвэрлээгүй, шийдсэн шүүхэд нь ажиллаж байгаагүй шүүгч Цолмонбаатар, Халиунбаяр, Сайханцэцэг нар яг ямар хэрэгт шийтгэгдэв. Тэдний нэгийнх нь ээж саяхан хэвлэлд ярилцлага өгсөн байгаагаас харахад арай “хэргийн жинхэнэ эзэд” мултарсан юм биш биз гэх хардлага ч үүсэх боломжтой.

Н.Энхбаярыг улсын эзэн байхад түүний өдөөс үг хэлдэг сачийтай явсан эр У.Хүрэлсүх болон тэр үеийн залуусын өнгө, төлөөлөл болж байсан Г.Занданшатар нарт тухайн үеийн УЕП-ын зарим удирдлагууд оролцож тохоосон хэргийн шүүх талыг С.Батдэлгэр бүрэн хариуцах болов.

Тэдэнд Чингэлтэй дүүргийн шүүх 2008 оны хавар ял оногдуулж шийдвэр гаргахад одоогийн Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт голлон оролцсон байна.

Цагийн эргэлт болж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр унаж, Ц.Элбэгдорж сонгогдов.Шинэ ерөнхийлөгч хамгийн түрүүн Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг томилж, улмаар АТГ-ын дарга Сангарагчаа, дэд дарга Сандуйсүрэн /энэ хүн бол цэвэр мэргэжлийн байсан бөгөөд үнэндээ хэлмэгдэгч юм/ нарт эрүүгийн хэрэг үүсгүүлэн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхэд мөн И.Ганбат нарын шүүгчид хэргийг шийдвэрлэв. АТГ-ын хоёр даргын хэрэг гомдол гаргаж явсаар Улсын Дээд шүүхэд ирэхэд Ц.Зориг, Б.Цогт нар дэнслэв.

Эцэст нь АТГ-ын дарга, дэд даргын орон тоо суларахад Б.Хурц дэд даргаар томилогдсон байна. Гэтэл гэв гэнэтхэн яагаад ч юм С.Батдэлгэр, Ц.Зориг нарын үед ШЕЗ-ийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Жанхар АТГ-ын санхүүгийн албанд тохоон томилогдож, дараа нь Б.Хурц ТЕГ-ын дарга болоход  мөн л Жанхар ТЕГ-ын санхүүгийн албаны даргаар очих нь тэр.

Эдгээр хачин үйл явдлын “криминологи”-ийг Ц.Нямдорж сайд мөн ч их ярьсан даа.

Сүүлийн үеийн мэдээгээр С.Батдэлгэр “Эрэл”-ийн Эрдэнэбатын гэх хэрэгт хошуучилж байгаа талаар хэд хэдэн удаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чих дэлсэх болов.

Тэрээр Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч хэмээн өөрийгөө нэрийддэг, шүүхэд ажиллаж байсан Б.Баасанцогт мөн “буурал” А.Гансүх нартай хоршиж Ариг банкыг яах гэж байгаа ч гэнэ.

 Мөн Б.Чимгээ, Сондномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн Б.Хурц нартай холбоотой хэрэг саяхан УДШ-д ирсэн ба уг хэргийг С.Батдэлгэрт хуваарилсан дуулдана. УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт шүү дээ.

Мөн сонирхолтой нэг асуудал үүссэн нь Санжаасүрэнгийн Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн гэх Б.Чимгээ, Содномдаржаа нарын хэргийг Нийслэлийн шүүхэд гардан хянаж шийдвэрлэсэн шүүгч С.Соёмбо-Эрдэнийг сая цагаан сарын үеэр УДШ-ийн шүүгчээр томилсон гэж  байгаа боловч олон нийтэд огт мэдээлэхгүй байна.

Эзэд нь С.Батдэлгэр-Ц.Зориг-Жанхар-Б.Хурц-Б.Цогт-С.Батдэлгэр+...?-С.Батдэлгэр л гэж харагдаж байна шүү дээ.

Эдгээр хүмүүс хууль, шүүхийн байгууллагад байгаа нэгэн үеийн залуусын мөнгө, туршлагагүй байдал мөн зарим хэсгийн шунал, тэнэглэл, хулчигар байдал дээр тоглож, тэднийг хооронд нь хэмлэлдүүлж суудаг билээ.

Эцэст нь  хэлэхэд тэдэнд Монголын төр, ард ямар өртэй гэж?

Р.Замилан



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.47.154.15
    2021/02/25

    Kinoo kino. Солонгосууд эндээс санаа аваад кино хийчмээр юм доо

    Хариулах
  • 192.82.77.239
    2021/02/24

    Одоо л энэ ялзарсан мөнгөнии шүүхииг устгахгүи бол өмхиирч тахал тараалаа

    Хариулах
  • 59.153.112.131
    2021/02/23

    Монголын төр,хуулийн байгууллагын нэр хүндийг сэхээнд ортол өвчлүүлсэн нөхөдтэй төрийн төмөр нүүр гаргаж хатуу тэмцэх,их цэвэрлэгээ хийх,вооктой халуун усаар угаалгын машинд хэд дахин угааж,хорих газар хүмүүжүүлэхээс өөр жор алга болждээ

    Хариулах
  • 103.212.116.140
    2021/02/23

    тэгээд ерөнхийлөгч нар солигдоод байхад үлдээд байна гэдэг нь Энхбаяр, Эбэ нар гаднаа хяланцаг, дотроо хуйвалдагчмд гэсэн үг үү

    Хариулах