С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар "Хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарлаа.  2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч н.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Улмаар  2019 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд Төв аймгийн шүүхэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан. 

Энэ хэрэг анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт 6 удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна.  Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа ч монголын шүүх Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна. Үндсэн хуулинд Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тиймдээ ч Засгийн газрын тэргүүн ялтан Чимгээтэй очиж уулзсан. 

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн. 2014 оноос эхлээд Чимгээг Амгаланбаатараар дарамтлуулдаг, өөр нэг этгээд Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байдалтай байж байгаад одоо үзүүлэх бичлэгт гарч буй буюу согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглээд ухаан мэдрэлгүй болгоод хуруу гарынх нь хээг авсан, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдлүүд байна. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн" гэлээ.